Улс төр
Иргэдийн улс төрийн сонголтын шалгуур өндөрсөж байна
УИХ-ын 2020 оны сонгуулийг хойшлуулахгүй, хугацаанд нь явуулах талаар яригдаж байна. Улс төрийн нөхцөл байдал, улс төрийн сонгуулийн судалгаа, судалгааны арга зүй, чанар зэрэг асуудлаар Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа.
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Танай байгууллага улс төрийн судалгааны чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?
Манай байгууллага 2004 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой судалгааны төслүүдийг нам эвсэл, улс төрчид, хувь хүмүүсийн захиалгаар гүйцэтгэж ирсэн.
Дотоодын нам эвсэл, улс төрчид, төдийгүй гаднын томоохон судалгаа, ПиАр(PR)-ийн зөвлөх үйлчилгээний агентлагуудтай хамтран улс төрийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай. Дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн судалгааны олон улсын чиг хандлага, арга аргачлалыг өөрийн компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулсаар байна.
Судалгаагаар улс төрийн нөхцөл байдал ямар байна? Сонгогчдын шийдвэр гаргалтад юу хамгийн чухал нөлөө үзүүлж байна вэ?
Манай байгууллага сүүлийн хоёр жилийн турш сар бүр үндэсний хэмжээнд “Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгаа”-г хийж байна. Улс төрийн шийдвэр гаргалтад намууд хэнийг сонгож нэр дэвшүүлэх вэ? гэдэг нь маш чухал. Судалгаанаас харахад сонгогчид тухайн нэр дэвшигчийн мэдлэг, туршлага, хувийн зан чанарыг илүүтэй чухалчилж үзэж байна. Жишээ нь мэдлэг боловсролтой, шударга, зарчимч, авлига, ёс зүйн хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч чанар, иргэдээ сонсож, тэдний дуу хоолой болж чадах эсэх нь шийдвэр гаргалтад нэлээд чухал байр суурийг эзэлж байна.
Нэр дэвшихээр горилж байгаа улс төрчдөд танай байгууллага ямар судалгаа санал болгодог вэ?
Сонгуулийн санал хураах өдөр хэр дөхсөн, тухайн улс төрч тойрогтоо хэр ажилласан зэргээс шалтгаалан өөр өөр чиглэлийн судалгаа санал болгодог.
Тухайн нэр дэвшигч нь тойрогтоо ажиллаж эхлээгүй, тойргийнхоо нөхцөл байдал онцлогийг нарийвчлан мэдэх шаардлагатай бол суурь судалгааг санал болгодог. Харин хэдийнээ тойрогтоо танигдсан, тойргийнхоо нөхцөл байдлыг сайн мэддэг улс төрчдийн хувьд суурь судалгаанаас цар хүрээний хувьд арай бага рейтингийн судалгаа хийлгэж, өөрийгөө хаана яваа, юунд анхаарах ёстойг мэдэх боломжтой. Өмнөх туршлагаас нэр дэвшигчид өөрийн сонгуулийн баг болон эргэн тойрныхоо хүмүүсийн яриа, төсөөлөлд үндэслэж рейтингээ буруу таамаглаж вакумжсан байгаа нь ажиглагддаг. Ийм үед сонгогчдынхоо дунд хөндлөнгийн судалгаа явуулснаар үнэн бодит байдлыг тодорхойлж, цаашдын пи-арын оновчтой чиглэлүүдийг тодорхойлох гол суурь болдог.
Судалгааны үнэн, бодит байдалд олон нийтийн итгэл үнэмшил бага байдаг. Ямар шалгуураар хандах ёстой вэ?
Манайх үнэн зөв мэргэжлийн төвшинд судалгааг хийдэг гээд ярих бол амархан. Ямар түүврээр хийв, мэдээлэл цуглуулалтын алдаагаа хэрхэн хянав гээд олон шалгуураар харах ёстой. Судалгаа өөрөө олон хяналтын шаттай, том багаар ажилладаг процесс байдаг. 2019 онд АНУ-ын Вашингтон хотноо төвтэй, олон улсын гэрчилгээжүүлэлтийн CIRQ байгууллагаас Эм Эм Си Жи компанийн судалгааны түүвэрлэлт, мэдээлэл цуглуулалт, анализ боловсруулалтын үйл ажиллагаанд аудит хийж, ISO 20252:2019 стандартын судалгааны процессын шаардлагыг “Бүрэн” хангаж байгаа учир гэрчилгээ олгосон.
Эм Эм Си Жи ХХК нь олон улсын стандартын гэрчилгээ авснаар тус компанийн хэрэгжүүлсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн дотоодын төдийгүй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэх юм.
Улс төрийн судалгаанд өөр ямар технологи, арга аргачлалыг ашиглаж байна вэ?
Улс төрийн судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааг хослуулан хийх нь илүү үр дүнтэй байдаг. Манай байгууллага чанарын судалгааны нэг хэлбэр болох фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологиор хангагдсан өрөө, танхимтай. Уг өрөө, танхимыг ашигласнаар захиалагчид маань сонгогчдынхоо санаа бодол, улс төрийн шийдвэр гаргалтын зан төлөв зэргийг ямар нэгэн нөлөөгүйгээр газар дээр нь өөрөө сонсох боломжтой болдог.
Мөн бид нэр дэвшигчдийн уриа үг, сурталчилгааны материал, зурагт хуудас, видео шторк зэргийг EYE TRACKING болон NEOROLAB гэсэн шинэ технологи ашиглаж урьдчилан тестлэж байна. Уг технологи нь сурталчилгааны материалуудын анхаарал татах байдал, шинэлэг байдал, гол мессежээ хүргэж чадаж буй байдал, шийдвэр гаргалтад нөлөөлж чадахуйц байдал зэргийг хэмжиж, үр өгөөжийг илүү нэмэгдүүлэхэд тусалдаг. Зарим улс төрчид уриа үг, сурталчилгааны материалаа урьдчилан тестлээгүйн улмаас өрсөлдөгчид нь овжиноор сөрөг пи-ар болгон ашиглах тохиолдлууд элбэг гардаг.
Одоогоор намууд сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлоод байна. Гэхдээ нэр дэвшигчид нь тодроогүй байгаа. Энэ үед ямар судалгаа хийх вэ?
Сонгуулийн тухай хуульд хэрхэн зааснаас хамаараад маш олон төрлийн судалгааг хийх боломжтой байдаг. Жишээ нь, PUSH POLL гэх судалгааны төрөл байна. Энэ судалгааны гол зорилго нь улс төрчид өөрийн танигдсан байдал, эерэг сэтгэгдлээ нэмэгдүүлэх, тойргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүргэх байдлаар сонгогчдын санаа бодол, шийдвэр гаргалтад нөлөөлөхөд чиглэгддэг.
COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас илүүтэй CATI center буюу утсаар судалгаа авах төвөөр дамжуулан судалгаанд оролцогчтой холбогдож, судалгааны мэдээлэл цуглуулж байна. CATI төв нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 3.2 сая идэвхтэй гар утас хэрэглэгчдийн мэдээллийн сантай тул үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бүхий л цэгт нэг зэрэг хүрч, богино хугацаанд мэдээллийг цуглуулах боломжтой.
Танай компанийн 2020 оны медиа хэрэглээний судалгааны тайлан бэлэн болсон гэж сонссон. Энэхүү судалгаанаас Монголчуудын медиа хэрэглээнд ямар томоохон өөрчлөлт гарсан байна вэ?
Сүүлийн 6 жил дараалан 9 төрлийн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн хэрэглээ, рейтинг гаргахаар үндэсний медиа хэрэглээний судалгааг хийж ирсэн. Энгийнээр хэлбэл, Монголчууд хэвлэл мэдээллийн аль сувгаас мэдээлэл авч, итгэж, ямар давтамжтайгаар ашигладгийг, мөн амьдралын хэв маяг нь ямар байгааг судалдаг гэсэн үг. Компаниуд зорилтот хэрэглэгчээ, улс төрчид сонгогчдоо ойлгох, мэдээллээ оновчтой хүргэх, төлөвлөлт хийх гэх мэт олон зорилгоор ашиглагддаг.
Энэ жилийн судалгааны онцлог үр дүнгээс дурдвал Монголчуудын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 2014 оноос хойш маш өндөр өсөлттэй байсан бол энэхүү өсөлт сүүлийн 2 жилд саарч, тогтворжиж байна. Уламжлалт медиа хэрэглээнээс телевиз үзэлт 7%-аар буурч, 81%-д хүрсэн. Үүнд “Z generation” залуу үеийнхний телевиз үзэлт 18%-аар буурч 62% болсон нь голлон нөлөөлсөн. Энэ өөрчлөлт бол залуучуудын хувьд медиа хэрэглээний томоохон өөрчлөлт гарч буйг илэрхийлж байгаа юм.
Харин Z үеийнхний интернэт болон сошиал сүлжээний хэрэглээ өндөр буюу 98%-тай байна. Өөрөөр хэлбэл тэд өдөрт 7-9 цагийг сошиал сүлжээнд зарцуулж байна. Мөн тэдний Instagram, Youtube-ийн хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Мөн Podcast-ийн хэрэглээ сүүлийн 3 жилд 13%-аар нэмэгдсэн бөгөөд гол сонсогч нь Z үеийнхэн. Сүүлийн жилүүдэд 40-өөс дээш насны иргэдийн сошиал медиа хэрэглээ нэмэгдэж байна.
Иргэд нийгмийн сүлжээ рүү нэлээдгүй шилжиж байгаа юм байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд зориудаар хуурамч мэдээлэл тараах, хэн нэгнийг гүтгэх хандлага нэлээдгүй байдаг?
Иргэдийн хамгийн түрүүнд мэдээлэл авдаг эх үүсвэр нь нийгмийн сүлжээ болсон боловч түүнд нийтлэгдсэн мэдээллийн дийлэнх нь худал байдаг гэж 70% нь дүгнэсэн. Гэсэн хэдий ч иргэд мэдээллийн үнэн зөвийг нь нягтлахгүй нийгмийн сүлжээнд тавигдсан хэн нэгний мэдээлэлд итгэн цааш түгээх хандлага өндөр байна. Үүнийг илрүүлэх зорилгоор худал мэдээлэл зохиож, туршилт хийж үзэхэд иргэдийн 20 хүртэлх хувь нь мэдээллийн төрлөөс хамаарч, үнэн зөв гэдгийг нягтлахгүй цааш түгээх хандлагатай байна. Тиймээс иргэдийн цахим орчинд мэдээллийн эх үүсвэрээ шалгах, нягтлах соёлыг нэмэгдүүлж хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх нь чухал юм.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.