Дэлхий

Японд эмнэлгийн үйлчилгээ “нурах” аюул нүүрлэж байна

Нийтэлсэн

Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байна. Үүний улмаас Японы зарим мужид эмнэлгийн орны тоо хүрэлцэхгүй байдал үүсчээ. NHK агентлагийн мэдээллээр Япон Улсын зарим мужид халдварт өвчтөн хүлээн авах эмнэлгийн чадавхи дээд хязгаартаа хүрч, улсын хэмжээнд эмнэлгийн ор хүрэлцэхгүй асуудал үүсч эхэлсэн байна.

Тухайлбал Токио, Осака, Хёого, Фукуока, Яманаши, Шига, Киото, Кочи, Окинава гэсэн найман мужид ор дүүргэлт аль хэдийнээ 80 хувийг давжээ. Түүний дотор Осака, Хёого, Киото, Яманаши мужуудад эмнлэгийн ор хүрэлцэхгүй, өвчтнүүд ор хүлээсэн байдалд шилжээд байгаа аж.

Онц байдал зарласан хүн ам ихтэй томоохон хотуудын эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо их байгаа нь улсын хэмжээнд “эмнэлгийн үйлчилгээ нурах” үйл явцыг хурдасгах, сэргийлж чадахгүй байх бодит аюулыг үүсгэлээ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.

Дээрхи мэдээллээр Япон Улсад одоогийн байдлаар 9600 эмнэлгийн ор коронавирусийн халдварт өвчтнийг эмчлэхэд бэлтгэгдэж, ашиглагдаж байгаа бол эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо улсын хэмжээнд 5000 орчим байгаа аж.

Харин Япон Улсын Засгийн газар, тухайн орон нутгийн засаг захиргаанаас зарим хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг зочид буудал, гэрт нь тусгаарлах бодлого баримтлаж, зочид буудал бэлтгэх зэргээр зохих бэлтгэлийг эртнээс базааж буй. Энэ нь халдварын тоо цаашид өсөх хандлагатай байгааг харуулж байгаагийн зэрэгцээ “эмнэлгийн үйлчилгээ нурах” аюулаас сэргийлж буй арга хэмжээ хэмээн NHK агентлаг онцоллоо.

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Япон улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 10686, нас барсан хүний тоо 230-д хүрчээ.

Exit mobile version