Дэлхий
Хатан хаан Элизабет 68 жилийн түүхэнд анх удаа төрсөн өдрийн баяраа цуцаллаа
Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет 68 жилийн түүхэнд анх удаа төрсөн өдрийн баяраа цуцалж уламжлалт салют буудах ёслолыг хийхгүй гэж мэдэгдлээ.
Коронавируст цар тахлын улмаас ийм шийдвэр гаргасан хатан хаан хоёрдугаар Элизабет дөрөвдүгээр сарын 21-нд 94 нас хүрэх юм. Мөн уг шийдвэрийг дагаад хатан хааны төрсөн өдөрт зориулан зургаадугаар сарын дундуур хийдэг “Trooping the Colour” уламжлалт жагсаал болохгүй аж.
Энэхүү жагсаалыг 1748 онд хоёрдугаар Жорж хаанаас хойш хийж ирсэн бөгөөд Их Британийн зэвсэгт хүчний тэргүүн хатан хаан хоёрдугаар Элизабет жагсаалын үеэр армийн бие бүрэлдэхүүнээ хардаг байсан юм.
Тус жагсаалд өнгөрсөн жил 200 гаруй морьт цэрэг, 400 хөгжимчин, 1400 орчим офицер оролцож байв. Хаан ширээг өвлөн авах хунтайж Чарьлз коронавирусийн халдвар авснаас хойш тусгаарлагдаж байгаа ба Ерөнхий сайд Борис Жонсон дөрөвдүгээр сарын 12-нд эмнэлгээс гарсан билээ.
Их Британи улсад одоогоор халдварын 114’217 тохиолдол бүртгэгдэж 15’464 хүн нас бараад байна.