Орон нутаг
Дорнод аймгийн малчид 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж эхэлжээ
Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. ХХААХҮЯамтай бодлогын гэрээ хийж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүд ноолуур бэлтгэлээ эхлүүлжээ.
Дорнод аймгийн тухайд 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна.
Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзээд Дорнод аймгаас бэлтгэх ноолуурын худалдан авахад баримтлах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон.
Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ