Засгийн газар

Ерөнхий сайдын хэлсэнчлэн бүх аж ахуйн нэгжийг НДШ-ээс 6 сараар чөлөөлнө

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 27-нд ард иргэддээ хандан мэдэгдэл хийсэн нь өдгөө  ажил  хэрэг болж эхэллээ. Тодруулбал, тэрбээр дэлхий нийтэд тархсан коронавирусийн  дэгдэлттэй холбоотойгоор улс оронд үүссэн эдийн засгийн хямралыг даван туулах, түүнээс  аж ахуйн нэгж байгууллага төдийгүй ард иргэдээ хамгаалахын тулд эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрт хүрснээ зарласан юм. Үүнээс хойш холбогдох судалгаа тооцооллыг хийснээр Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар холбогдох журмыг баталсан. Гэвч зарим хэвлэл мэдээллийн байгууллаар НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд цөөн байгууллага хамрагдах талаар мэдээлсэн нь ташаа бөгөөд   өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамрагдах нөхцөл бүрдээд байна. Тухайлбал, Сангийн яамны судалгаагаар  108.8 мянган компаниас 99.99 хувийнх нь үйл ажиллагаа доголдсон гэж үзсэн учраас бүгд хамрагдахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нөхцөлд үйл ажиллагаа нь нэг хувиар доголдсон тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана гэсэн үг. Харин үлдсэн нэг хувьд орлого нь өсч буй алтны компаниуд болон  банк бус санхүүгийн байгууллагууд багтаж байгаа аж.  Ийнхүү Засгийн газраас холбогдох журмыг баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газар болон Нийгмийн  даатгалын ерөнхий газар хамтран мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдэлд Эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд ямар арга хэмжээг авч байгаа талаар болон иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдахтай холбоотой багц мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Тодруулбал,

Аж ахуйн нэгж, байгууллагууд:

Нэг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс  аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож баталгаажуулна.

Хоёр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс  аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.

Гурав. Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгч нь 2020 оны  хоёрдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Иргэд:

Нэг. Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газраас төлнө.

Хоёр. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс  аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй.

Ийнхүү  Ерөнхий сайдын олон нийтэд зарлаж, Засгийн газраас албажуулан баталсан журмыг мөрдөж эхэллээ.

Харин   үүнд хамрагдах иргэд болон  аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгал болон татварын тайлангаа хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг  анхаарууллаа.

Exit mobile version