Дэлхий

Прага дахь ОХУ-ын элчин сайдын яам хуучин хаягаа хэрэглэнэ

Нийтэлсэн

Саяхан Чех улсын нийслэл Прага хотын захиргаа ОХУ-ын элчин сайдын яамны өмнө оршдог талбайг 2015 онд алагдсан Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовын нэрээр нэрлэх шийдвэр гаргасан юм.

Борис Немцов нь Путиний засаглалыг шүүмжлэгчдийн нэг байсан бөгөөд Кремлийн ойролцоо гудамжинд буудуулж амиа алдаж байв. Тэгвэл Прага дахь ОХУ-ын элчин сайдын яам “36 Коруновачни гудамж” гэсэн өмнөх хаягийг хэвээр хэрэглэх шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Ингэхдээ “түүхэн хаяг”-ийг хадгалж үлдэх нь зохимжтой, “Борис Немцовын талбай” гэсэн шинэ хаяг цаашид хүмүүсийн дунд хэрэглэгдэх магадлал бага гэсэн үндэслэлүүдийг дурдсан байна.

Мөн Чехийн гадаад хэргийн яамыг “tехникийн асуулдаар улс төр хийлээ” гэж шүүмжилжээ.

Борис Немцовын алагдсаны таван жилийн ойд зориулж Вашингтон, Киев, Вилньюс зэрэг хотууд мөн ийм бэлгэдлийн арга хэмжээг авч, ОХУ-ын эрх баригчдад эсэргүүцэл үзүүлсэн юм.

Сүүлийн үед Орос, Чехийн харилцаа муудаад байгаа. Энэ сард Прага хотын төвд оршдог Зөвлөлтийн маршал Иван Коневын хүрэл хөшөөг буулгасныг Оросын тал хүчтэй эсэргүүцсэн юм.

Даваа гарагт Оросын үнэн алдартны сүм хийдийн төлөөлөгч хэвлэлд ярихдаа удахгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Чех хүмүүсийн хөшөө дурсгалыг буулгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version