Дэлхий

Бельгийн хаан гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрөв

Нийтэлсэн

2013 онд Бельгийн хаан ширээг сайн дураар залгамжлагчдаа шилжүүлж өгсөн 85 настай Альберт II хаан 1960-аад оны үед гэр бүлээс гадуур хүүхэдтэй болж байснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Өөрийгөө түүний охин гэж үздэг 51 настай Дэлфин Боэл сүүлийн зургаан жилийн турш эзэн хааныг биологийн эцгээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхдэж байгаа.

Хэрвээ шүүх түүний талд шийдвэр гаргавал эзэн хааны үл хөдлөх хөрөнгийн наймны нэгийг эзэмших эрхтэй болох юм.

Альберт хаан удаа дараа төрсөн охиноо хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв. Өнгөрсөн намар Бельгийн шүүх эзэн хаанаас ДНХ шинжилгээ авч, эцэг мөн эсэхийг нь батлах шийдвэр гаргажээ.

Шинжилгээ өгөхөөс татгалзсан хоног тутамд хаанаар 5,000 еврогийн торгууль төлүүлэх шийдвэрийг мөн гаргаж байв. Харин Альберт хаан шинжилгээ өгөхөөс татгалзаж, оронд нь охиноо хүлээн зөвшөөрөх болсноо өчигдөр шүүхэд мэдэгджээ.

Түүнийг хаан ширээнээсээ буусан 2013 онд Дэлфин Боэлийн ээж хэвлэлд ярихдаа 1966-1984 онуудад эзэн хаантай дотносож, хүүхэдтэй болж байснаа анх удаа олон нийтэд дэлгэж байв.

Дараа нь Альберт хаан энэ түүхийг үгүйсгэсэн ч тухайн үед гэргийтэйгээ асуудалтай байсныг хүлээн зөвшөөрч байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version