Улаанбаатар
Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанд Их тойрог 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэв.
Тэрбээр “Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл барилга угсралтын ажил, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлуудад 2012 оноос эхлэн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Уг төсөл арга хэмжээний ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна. Олон жил яригдсан 220/110/35 кВ-ын дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
Мөн тодорхой шалтгаануудын улмаас хийгдээгүй зарим ажлууд байгаа тухай танилцуулгадаа онцолж байв.
Тухайлбал, 3.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур суурилагдсан, 24 км шугамын утас татах ажил хийгдсэн ба 0, 4, 6, 10, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцсон хэсэг утас татах ажил хийгдээгүй.
Мөн Хан-Уул дүүргийн 5, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх ажилбар нь газрын маргаантай асуудлаас шалтгаалан зогссон байдалтай байна. Түүнээс гадна санхүүжилт бүрэн шийдэгдээгүйн улмаас хугацаа хоцорсон ажил байгаа аж.
Санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа Ж.Батбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг, Барилга хот, байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хамтарч угсралтын ажлыг эхлүүлэх хуваарь гаргаж, тухайн хуваарийн дагуу барилга угсралтын ажлын эхлүүлэхээр төлөвлөжээ.
Одоогийн 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувиар ачаалагдаж байгаа нь Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрч байна.
Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, гэр хороолол айл өрхийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн учир энэ дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар энэ байдлыг арилгах чухал ач холбогдолтой юм байна.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, шаардлагатай байгаа санхүүжилтийг шийдвэрлэхийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Отгонбаярт даалгалаа.
Мөн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа
Дараа нь хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв.
Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэж буй 438 халаалтын зуух байгаа бөгөөд нийслэлийн Зохицуулах зөвлөл, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олгогдож, хяналт тавьж ажиллаж байна.
Мөн төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжид холбогдох боломжгүй Улсын болон орон нутгийн өмчид үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын барилга байгууламжийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Газком ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан” гэв.
Мөн хуралдааны үеэр Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн төв байгуулах тухай танилцуулгыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хүргэв.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/417 захирамжаар Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан. 2015 онд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэй болсон байна. Цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт хүмүүжлийн байрыг шинээр барьж, иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан танилцуулгадаа онцоллоо.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, эх үүсвэр, зураг төсөв болон бусад шаардлагатай судалгаа тооцоогоо сайн гаргаж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс