Дэлхий

Гринланд аралд АНУ консулын газраа нээж, олон саяын тусламж үзүүлэхээр болжээ

Нийтэлсэн

АНУ-ын засаг захиргаа Гринланд аралд $12 саяын буцалтгүй тусламж үзүүлж, энэ онд багтаан консулын газраа нээхээр болсныг өчигдөр зарлажээ.

Ердөө 56,000 орчим хүн амтай ч дэлхийн хамгийн том аралд тооцогддог (2.1 сая км.кв) Гринланд нь Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Европт явуулж буй цэрэг дайны ажиллагаагаа дэмжих үүднээс АНУ 1940 онд Гринландад консулын газраа нээж байсан ч 1953 онд хаажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Дональд Трамп тус арлыг худалдаж авах тухай санаа цухуйлгаж, Данийн засгийн газар ингэх боломжийг эрс үгүйсгэж байв.

Сүүлийн жилүүдэд Умард туйлын бүс нутаг их гүрнүүдийн анхаарлыг татаж, АНУ-аас гадна Орос, Хятад улсууд нөлөөгөө тогтоохоор өрсөлдөж байна.

Гринланд арал загас агнуурын аж ахуй дээр тогтдог, Данийн засгийн газраас жил бүр татаас авдаг ядуу эдийн засагтай.

Хүн амын ихэнх нь нутгийн уугуул Инуит хүмүүс.

Гэхдээ Умард туйлын мөс хайлснаар тэнгисийн шинэ зам бий болж, эрдэс баялгийн нөөц нээгдэж эхэлсэн нь Гринландын үнэ цэнийг өсгөж байгаа юм.

Одоо Гринландын Тулед АНУ-ын цэргийн бааз байрладаг нь пуужингийн довтолгоог урьдчилж мэдээлэх үүрэгтэй.

Гринландын засаг захиргааны тэргүүн Ким Келсэн АНУ-аас тусламж үзүүлэхээр болсонд талархаж байгаагаа мэдэгджээ.

Вашингтоны засаг захиргаа Гринланд арлыг худалдаж авах зорилгодоо уг тусламжийг ашиглах санаагүй гэдгээ баталсан байна.

Копенгаген хотод суугаа АНУ-ын элчин сайд Карла Сэндс туйлын бүс нутагт Вашингтоны хамгийн ойр түнш бол Дани улс гэж мэдэгджээ.

Гэвч арлыг эзэмшигч Данийн улс төрчид элчин сайдын энэ мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал Данийн эвслийн засгийн газрын нэг хамтрагч Социалист Ардын Намын тэргүүн Карстен Хонге “Тэд хэм хэмжээнээс хэтэрсэн алхам хийлээ. Жинхэнэ ойрын түнш бол хэзээ ч Дани, Гринланд хоёрыг салгах оролдлого хийх ёсгүй” гэж ярьсан байна.

Тэрээр Данийн парламентын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн юм.

Данийн үндсэрхэг үзэлт Ардын Намын тэргүүн Сорен Эсперсэн гуравдагч ертөнцийн орнуудад үзүүлдэг тусламжаа АНУ өрнөдийн ардчилсан нийгмийн нэг хэсэг Гринландад үзүүлж буйг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version