Улс төр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарна

Нийтэлсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарна. Тэрээр энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирсэн юм.

КОВИД 19-өөс сэргийлэх зорилгоор хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоногийн турш зочид буудлуудад тусгаарласан. Ц.Элбэгдоржийг Баянгол дүүрэг дэх Toyoko Inn-д тусгаарласан юм.

Тэрээр дахин  14 хоног гэрийн хорионд байж, гадагш гарахгүй, гэртээ хүн урихгүй байх үүрэгтэй.

Ташрамд хэлэхэд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгийн мэдээлснээр “Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас энэ оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч Ц.Элбэгдож  2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарчээ. Иймд холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон байна.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгчээ. Нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж.

АТГ-аас өмнөх ерөнхийлөгчийг цагдан хорих асуудал тавиагүй юм.

Exit mobile version