Энтертайнмент

Германы ЗГ зөвшөөрвөл Бундеслиг тавдугаар сарын 9-нд эхэлнэ

Нийтэлсэн

Хэрэв Германы засгийн газраас зөвшөөрвөл Бундеслигийн тоглолтуудыг тавдугаар сарын 09-нд эхлүүлэхэд бэлэн гэж албаны хүмүүс мэдээллээ.

Германы дээд лиг болох Бундеслиг гуравдугаар сарын дунд үеэс хойш коронавируст халдварын улмаас түр завсарласан. Гэхдээ вирусийн халдварыг тогтоон барьж буй тэргүүлэх орнуудын нэг нь Герман юм.

Тус улсад одоогоор 153’129 хүн халдвар авч, 5575 хүн нас бараад буй ба үүнээс 103’300 хүн эдгэснээр идэвхтэй 42’254 тохиолдол үлдсэн.

Лигийг эхлүүлбэл тоглолтууд үзэгчгүй болох бөгөөд Бундеслигийн гүйцэтгэх захирал Кристиан Сейферт “Шийдвэр гаргах эрх бидэнд байхгүй. Бид лигийг тавдугаар сарын 9-нд эхлүүлэхэд бэлэн. Түүнээс хойш байсан ч бэлэн” гэжээ.

Хэрэв лиг эхлэхээр бол цэнгэлдэх хүрээлэнд 300-аас ихгүй хүн оруулах ба Бундеслигээс тоглогчид, ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд коронавирусийн шинжилгээ хийх таван лабораторитой хамтран ажиллах аж.

Тоглогчдыг долоо хоногт дор хаяж нэг удаа шинжилгээнд хамруулах шаардлагатай ба үүний тулд 20 мянга орчим оношлуур шаардлагатай. Харин Герман улсад халдварыг илрүүлэхийн тулд долоо хоногт 640 мянган оношлуур хэрэглэж буй.

Лигийн ажлын хэсгийн төлөвлөгөөгөөр цэнгэлдэх хүрээлэнг гурван хэсэгт хувааж нэг хэсэгт дээд тал нь 100 хүн оруулах ба талбайд 22 тоглогч, сэлгээний 18 тоглогч, шүүгч болон бусад ажилтнууд нийлээд 53 орчим хүн байх юм.

Сүүлийн байдлаар лигийг 25 тоглолтын дараагаар Байерн Мюнхен клуб 55 оноотой тэргүүлж буй бол Боруссиа Дортмунд клуб 51 оноотой удаалж байна.

Харин Английн Премьер лиг хамгийн ойрдоо зургаадугаар сарын 8-нд эхлэх боломжтой гэж лигийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.

Эх сурвалж: Skysports, BBC

Exit mobile version