Улс төр
АН-ын ЕНБД-ийн Уриалгад хариу хүргүүлэх тухай
Монгол Улсад гажуудсан ардчилалыг засах, мөн эдийн засаг, нийгмийн өргөн хүрээний шинэчлэлт хийх ёстой гэсэн үзэл санааг дэмжсэн иргэд нэгдэж Ардчилал шинэчлэлийн намыг байгуулсан билээ.
Эрх баригчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдан улс төрийн намыг байгуулагдсан хугацаагаар нь ялгаварлаж сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсан байсан.
Гэвч Үндсэн хуулийн цэц 2020 оны 4 сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх болон сонгох, сонгогдох эрхийг сэргээж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь улс төрийн намуудыг хугацаагаар хязгаарлан сонгуульд оролцуулахгүй байх заалтуудыг түдгэлзүүлж, улс төрийн нам байгуулагдсан хугацаанаасаа үл хамааран сонгуульд оролцох эрхтэй болсон баярт мэдээг дуулгахад таатай байна.
Ардчиллын төлөөх намууд нэгдэж сонгуульд орохыг уриалсан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгийн уриалгатай холбогдуулан, Ардчилал шинэчлэлийн нам нь Ардчилсан намыг дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд хамтран оролцох боломжтойгоо мэдэгдэж байна. Үүнд:
1. Ардчилсан намын гишүүдийг саналын эрхтэй, саналын эрхгүй гэж ялгаварлан гадуурхалгүй бүх гишүүдээ саналын эрхтэйг зөвшөөрөх;
2. Намынхаа төлөөллийн байгууллагын сонгуулийг мөнгөөр шийддэгээ халах;
3. Төрийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ мөнгөний босго тавьж гишүүдийнхээ сонгогдох эрхийг хязгаарлаж, Үндсэн хууль зөрчихөө зогсоох;
4. Ардчилсан намаас С.Эрдэнээг төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх.
АРДЧИЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН НАМ