Дэлхий

Гадаадад гацсан Нидерландын сурагчид Атлантын далайг гатлан гэртээ харьжээ

Нийтэлсэн

Цар тахлын хөл хорионы улмаас Карибын тэнгисийн аралд гацсан Нидерланд улсын 25 сурагч өчигдөр буюу Ням гарагт усан онгоцоор эх орондоо буцаж иржээ.

14-17 насны эдгээр сурагчид 1920 онд үйлдвэрлэгдсэн “Wylde Swan” дарвуулт хөлөг дээр далайчны зургаан долоо хоногийн сургалтад хамрагдаж байсан юм.

Гэвч гуравдугаар сарын дундуур улс орнууд агаарын тээврийг хориглосноор тэд Куба улсаас гэртээ харих боломжгүй болжээ.

Ингээд сургалтыг зохион байгуулагчид хуучны дарвуулт хөлгийг ашиглан хүүхдүүдийг гэрт нь хүргэхээр шийдэж, 12 туршлагатай далайчин, гурван багшийн хамт аяллыг эхлүүлсэн байна. Хөлөг Атлантын далайг таван долоо хоногийн хугацаанд туулж, 7,000 км урт аялжээ.

Нидерландад хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа тул өчигдөр хүүхдүүдийг хөлгөөс нэг нэгээр нь буулгаж, угтахаар ирсэн эцэг эхчүүдэд нь хүргэж өгсөн байна.

Анхнаасаа зөвхөн халуун оронд түр амьдрах бэлтгэлтэй явсан хүүхдүүдийн аяллын бэлтгэлийг Карибын Сэйнт Люси арлаас хангажээ.

Тэднийг Европын эх газрын хамгийн эхний цэг Португаль улсын боомтод хүрэхэд орон нутгийн эрх баригчид эрэгт буулгахаас татгалзсан нь коронавирусийн халдвараас болгоомжилсон хэрэг байв.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version