Дэлхий
Испани хүүхдүүд 6 долоо хоногийн дараа гадаа гарах боломжтой боллоо
Испани улс коронавирусийн тархалтыг бууруулах зорилготойгоор тогтоогоод байсан хөл хорионы арга хэмжээгээ султгаснаар хүүхдүүд зургаан долоо хоногийн дараа /42 хоног/ гадаа гарах боломжтой болжээ.
14 хүртэлх насны хүүхдүүд өдөрт нэг цагийн хугацаанд насанд хүрсэн нэг хүнтэй гэрээсээ нэг км-ийн зай дотор дугуйт тэшүүр, дугуй, скэйт зэрэг тоглоомоо аваад гадаа гарах эрхтэй болсон байна. Харин цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээр байгаа юм.
Тус улс коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт /нийт 226’629 тохиолдол/ орж байгаа ч хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурсан нь /сүүлийн нэг хоногт 2870 шинэ тохиолдол/ тус улс амжилттай даван туулж байгаагийн илрэл гэж Ерөнхий сайд нь үзжээ.
Испанид цаашдаа нөхцөл байдал сайжирвал иргэд нь тавдугаар сараас гэр бүлээрээ гадагш гарч, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэнэ гэсэн байна.
Эх сурвалж: ВВС, CNN