Улс төр

Намын гишүүд бие даагчийн дүр эсгэж өрсөлдөөнд орно

Нийтэлсэн

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтэй хүргүүлсэн бол удахгүй нэр дэвшигчдээ зарлах юм. Түүнээс өмнө зарим нэг улстөрчид бие дааж сонгуульд өрсөлдөх болсноо зарлаад байна. Тухайлбал, АН-ын лидерүүд гэж болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар бие даах гэнэ.

Н.Алтанхуягийг АН-аас хассан хэмээн ярьдаг ч албан ёсны шийдвэрийг танилцуулаагүй юм.Тэрээр энэ сарын 21-нд намын дарга С.Эрдэнэд хандан намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлага хүргүүлжээ. Гэсэн ч хариу ирүүлээгүй байна. Энэ талаар Н.Алтанхуяг “Хариу ирээгүй учраас С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс дөрөн жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө нотоллоо.

АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” хэмээн тэр өөрийн албан ёсны цахим хуудастаа бичжээ. Мөн тэрээр өнөөдөр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм.

Тэд бие даагч нэрээр сонгогдож чадвал өөрийн нам, бүлэг фракцид үйлчлээд явах нь тодорхой.

Хотын дарга асан Э.Бат-үүл мөн өчигдөр мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өглөө. Тэрээр АН-ын даргын зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт бие даан нэр дэвшинэ гэдгээ хэлсэн юм. Мөн тэрээр “Миний нэрлэж сурснаар АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй нам, бүлэг ардчилалд маш том аюул учруулаад байна. Тиймээс ардчиллын дайснуудтайгаа тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээр боллоо.

Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ. Мөн тус намын угшилтай ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт бие дааж нэр дэвшиж магадгүй байна. Түүний араас ч бие даагчид тодрохыг үгүйсгэхгүй. АН дотооддоо дэнчингийн 100-400 сая төгрөгтэй холбоотойгоор нэлээд зөрчилтэй байгаа.

МАН-ын хувьд ч мөн бие даагч олонтой байх сурагтай. Одоогоор МАН-ын гишүүн асан, хуульч Б.Гүнбилэг Булган аймагт бие даан нэр дэвшихээ зарлаад байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ сонгуульд нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр ЖДҮ, Концесс зэрэгт нэр холбогдсон улстөрчид тус намаас нэр дэвшихэд төвөгтэй болж байна. Тэд эргэж буцахдаа бие дааж сонгуульд оролцох замыг сонгож магадгүй юм. Нөгөө талаар МАН, АН-ын нэр хүнд унасаныг олон судалгаа харуулж байна. Тэд зарим нэг гишүүнээ бие даалгаж, суудал авах гэсэн бодлого явуулахыг ч үгүйсгэхгүй.

Бие даагчид намдаа хайртай хэвээр гэдгийг бие дааж дэвшинэ гэдгээ зарлахдаа хэлсэн үгнээс нь мэдрэгдэнэ.

Үүнээс харахад 2020 оны УИХ-ын сонгууль бие даагч олонтой болох нь. Тэд жинхэнэ бие даагчид байж чадах уу. Намын угшилтай улстөрчдөд ард түмэн итгэл хүлээлгэх үү гээд асуулт олон. Чоно махнаас гарав гэдэг шиг тэд бие дааж нэр дэвшээд өөр хүн болчихгүй. Н.Алтанхуяг, Э.Бат-үүл, С.Баярцогт, Б.Гүнбилэг ч байсан өөрийн батлахтай намаасаа салъя гэж салаагүй. Үзэл бодол, эрх ашиг, үйл ажиллагааны зөрчлөөс болоод намаасаа түр хөндийрч бие дааж байгаа төдий. Бие даагчид намдаа хайртай хэвээр гэдгийг бие дааж дэвшинэ гэдгээ зарлахдаа хэлсэн үгнээс нь мэдрэгдэнэ.

Тухайлбал, Н.Алтанхуяг “Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” гэсэн. Мөн Э.Бат-Үүл “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ.

Миний нам, миний ардчилал хэмээн тунхаглаж байгаа хүмүүс хэзээ ч жинхэнэ бие даагч байж чадахгүй нь тодорхой. Тэд бие даагч нэрээр сонгогдож чадвал өөрийн нам, бүлэг фракцид үйлчлээд явах нь тодорхой. Ийм жишээ ч парламентад бий. Тэгэхээр сонгогчид маань намын угшилтай бие даагч, жинхэнэ бие даагчийг ялгаж, салгаж сонголтоо хийх цаг үе ирлээ.

Т.Сайхан
Эх сурвалж: www.polit.mn

Exit mobile version