Нийгэм
Эмийн сангийн эрхлэгч даатгуулагчийн бүртгэлийг ашиглан хөнгөлөлттэй үнээр эм авч байжээ
Зарим эмчийн жор бичих эрхийг хаалгүй нэвтрэх эрхийг бусдад задруулснаас МЭИК-фарммаркет-5, Энто-1 эмийн сангийн эрхлэгч даатгуулагчийн бүртгэлийг ашиглан даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт эдэлж даатгуулагчийг хохироосон байна.
Засгийн газрын олон нийттэй харилцах “11-11” төв болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд ирүүлсэн даатгуулагчийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн “Сувилахуй”, Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, “Монгол эм импекс” компанийн Фарммаркет-5, Энто-1 эмийн сангуудад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар дээрх эрүүл мэндийн байгууулагуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Тус өрхийн эмнэлгүүд нь “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-д нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөрчилсөн шийдвэр гарсан даруйд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт цаг тухайд нь мэдэгдээгүй зөрчил гаргасан байна.
Энэ зөрчлийн улмаас зарим эмчийн жор бичих эрхийг хаалгүй нэвтрэх эрхийг бусдад задруулснаас МЭИК-фарммаркет-5, Энто-1 эмийн сангийн эрхлэгч даатгуулагчийн бүртгэлийг ашиглан даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт эдэлж даатгуулагчийг хохироосон байна.
Шалгалтын дүнд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн хууль дүрэм зөрчсөн Баянзүрх дүүргийн “Сувилахуй”, Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын цахим жор бичих эрхийг хаалаа.
Мөн эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагчийг хохироосон “Монгол эм импекс” компанийн Фарммаркет-5, Энто-1 эмийн сангуудын даатгалын гэрээг цуцлах арга хэмжээ авлаа.