Энтертайнмент
Гоэйдо зодог тайлна
Мэргэжлийн сүмогийн Сакайгава дэвжээний озэки Гоэйдо Хацү башёг таван даваатай өндөрлүүлж, цолоо алдсан. Ирэх Хаврын тэмцээнд сэкивакэ цолтой барилдаж, 10 давбал озэки цолоо буцаан авах ч барилдахгүйгээр зодог тайлахаар шийджээ.
Сакайгава ояката шавиа зодог тайлахаар шийдсэнийг Сүмо бөхийн холбоонд мэдэгдсэн байна. Гоэйдо нийт есөн удаа кадобан болж байсан бөгөөд озэки цолтой 32 башё барилдаад ийнхүү дохёгоо орхин одохоор шийджээ. Зүүн хөлийн шагайны бэртэл эдгэхгүй байсаар ийнхүү зодог тайлж байна.
Энэ жил 33 настай Гоэйдо зодог тайлах бичиг баримтын ажил дуусангуут хэвлэлийн бага хурал зарлах гэнэ.
Ахлах сургуульд байхдаа сонирхогчдын сүмогоор 11 цом авч байсан хөвгүүн их сургуульд дэвшин суралцах гэж байгаад больж, мэргэжлийн сүмод орсон юм. 2016 оны Намрын тэмцээнд 15 даваатай түрүүлж, ямар ч гэсэн Эзэн хааны цом гардаад авсан озэки билээ.
Манай үндэсний бөхөд “1964 оны луу жилтнүүд” гэсэн үг байдаг бол Японы сүмод “1986 оныхон” гэж ярьдаг. Нэг жилийн өмнө 1986 оныхны нэг ёкозүна Кисэносато зодог тайлсан бол Хацү башёд 1986 оны Токүшёорюү түрүүлж, тэмцээний дараа 1986 оны Гоэйдо зодог тайллаа.