Дэлхий

Прага хотын дарга “яагаад цагдаагаар хамгаалуулах болсноо мэдэхгүй байна” гэлээ

Нийтэлсэн

Чехийн нийслэл Прага хотын дарга Зденек Гржиб өөрийг нь цагдаагийн хамгаалалтад авсан тухай Даваа гарагт мэдээлжээ.

Тэр Прага хотын төвд байдаг Зөвлөлтийн маршал Иван Коневын хөшөөг буулгах шийдвэр гаргасныхаа дараа ОХУ-ын зүгээс шүүмжлүүлэх болсон юм.

Конев нь ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайны баатар гэж өргөмжлөгддөг бол Чехэд Зөвлөлтийн үеийн дарлалын бэлгэдэл болдог ажээ.

“Чехийн цагдаа зүгээр л намайг хамгаалалтад авч байгаагаа мэдэгдсэн. Шалтгааныг нь би мэдэхгүй байна” гэж Гржиб хэвлэлд ярьсан юм.

Өчигдөр бас Чехийн “Respekt” сэтгүүл дипломат паспорттой Оросын иргэн саяхан биологийн зэвсэгт тооцогддог химийн хорт бодистой Прага хотод ирсэн тухай мэдээлжээ.

Бас тус улсын Denik N сонинд Чехийн гадаад хэргийн сайд Томас Петричек энэ асуудлаар Оросын элчин сайд Александр Змеевскийтэй уулзаж, Чехийн улс төрчдийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй байхыг анхааруулсан гэсэн мэдээ нийтлэгдсэн байна.

Чехийн цагдаа болон засгийн газар энэ асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Respekt” сэтгүүлд гарсан мэдээлэл ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдсэн юм.

Чех улсын дотоодод ч Коневын хөшөөг буулгасан асуудал маргаантай байна. Оросын талыг баримтлагч гэгддэг тус улсын ерөнхийлөгч Милош Земан хөшөөг буулгасан явдлыг хүчтэй шүүмжилж байв.

Чехийн гадаад хэргийн яам Коневын хөшөөг Орос руу буцаах боломжийг судалж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Маршал Конев нь 1945 онд Зөвлөлтийн Улаан Армийг командлан Прага хотыг Нацистуудаас чөлөөлж байжээ. Дараа нь тэр 1968 онд Прагын Хавар гэгддэг ардчилсан хөдөлгөөнийг нухчин дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version