Яам
БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулд эксекватур гардуулав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Яньжюньд эксекватур гардуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголыг сайн мэддэг, Монголд олон жил ажилласан, хуучны танил хүн Ерөнхий консулаар томилогдсонд таатай байгаагаа илэрхийлээд томилолтын хугацаанд нь хоёр талын харилцаа, ялангуяа хил орчмын бүс нутаг, орон нутгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ явж байгаа бөгөөд Ерөнхий консулаар ажиллаж буй цаг хугацаа нь Монгол, Хятадын харилцааны хурдацтай хөгжлийн гараанд байгаатай давхцаж байна гэжээ.
COVID-19-ийн халдварын эсрэг дэлхийн улс орнууд хамтран ажиллах, хамтын хүчийг нэгтгэх, харилцан мэдлэг туршлага солилцох, бие биенээ дэмжих нь нэн чухал бөгөөд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад оношлуур болон холбогдох техник, тоног төхөөрөмж, амны хаалт, хамгаалах хэрэгсэл хандивлахын зэрэгцээ Хятадын эмч, мэргэжилтнүүд эмчилгээний арга туршлагаа видео хурлын хэлбэрээр хуваалцаж буй нь чухал үр дүнтэй байгааг онцлов.
Монгол, Хятадын хооронд COVID-19-ийн халдвартай тэмцэх, сэргийлэх хамтын ажиллагааны механизм байгуулагдаж, өвчний халдвартай хамтран тэмцэхээс гадна хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг энэ онцгой үед хэвийн үргэлжлүүлж, хүндрэлийг хамтран давахад Хятадын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.
Ерөнхий консул Ли Яньжюнь талархал илэрхийлээд хил орчмын бүс нутаг, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ