Covid-19

СOVID-19 вакциний төлөөх өрсөлдөөн ба дэлхийд нөлөөллөө өргөжүүлэх санаархал

Нийтэлсэн

Цах тахлын улмаас дэлхий дахинд хөл хорио тогтоов. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш том өөрчлөлт орж, цар тахлын дараа дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсээр байна. Тэгвэл цар тахал хэзээ дуусах түүний эсрэг вакцинийг хэзээ гарган авах нь одоог хүртэл тодорхойгүй.

“COVID-19”-ийг үүсгэдэг вирусийн талаар эрдэмтэд 14 хоногийн дараа л генетикийн зураглалтай болсон боловч вакцин болон тусгай эмчилгээний эм бэлдмэлийг үйлдвэрлэх асуудал дээр хүндрэл учирсаар байна.

“COVID-19” МУТАЦИД ОРЖ БАЙНА  

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн халдварын өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр коронавирусийн 30 омог бий гэдгийг илрүүлсэн байна. Үүнээс хамгийн их нас баралтыг үүсгэдэг нь Европ болон АНУ-ын Нью Йорк хотод тархсныг тогтоожээ.

Коронавирусийн эсрэг вакцинийг дэлхийн аль улс хамгийн түрүүнд гаргаж авна тэр улс “COVID-19”-ийн дараах ертөнцөд нөлөөллөө өргөжүүлэх том давуу үүсэх дүр зураг харагдаж байна.

Мөн Хятадын Жэжианы их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19 анх үүссэн цагаасаа хойш 19 удаа хувьсан өөрчлөгдсөн гэдэг нь батлагдав. Хятадын судлаачдын хэлж буйгаар бол тэдний илрүүлсэн мутациудын 60-аас илүү хувь нь цоо шинэ мутаци гэнэ. Хамгийн ихээр санаа зовоосон зүйл нь коронавирус хувьсах тусмаа шинэ мутациуд нь улам үхлийн аюултай болсоор байгаа аж.  Ийм учраас коронавирус маш эрчтэй тархаж хувьсан өөрчлөгдөж байгаа учир түүний эсрэг вакцин эм гарган авах үйл явц удааширч байгааг эрдэмтэд анхааруулж байна.

ВАКЦИНИЙ ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?

Эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилтэй дэлхийн 35 оронд коронавирусийн эсрэг вакцинийг гарган авахаар туршилт судалгааны ажил хийгдэж байна. Түүнчлэн Европын холбоо, АНУ, Австрали, БНХАУ, Япон болон ОХУ-ын эрдэмтдээс бүрдсэн баг “COVID-19″-ийн эсрэг вакцинийг гарган авахаар хамтарсан судалгаа хийж буй.

Коронавирусийн эсрэг вакцинийг дэлхийн аль улс хамгийн түрүүнд гаргаж авна тэр улс “COVID-19”-ийн дараах ертөнцөд нөлөөллөө өргөжүүлэх том давуу тал үүсэх дүр зураг харагдаж байна.

БНХАУ 

Коронавирус анх Хятадад тархаж эхэлсэн гэдэг утгаараа тус улсын эрдэмтэд COVID-19-ийн эсрэг вакцин гарган авах судалгааг анхлан эхлүүлсэн. Хятадын эрх баригчид гуравдугаар сарын 17-нд анх тус вирусийн эсрэг вакциний эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг өгчээ. Туршилт амжилттай болж Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал, академич Чен Вэйгээр ахлуулсан судлаачдын багийн гарган авсан уг вакциний эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг энэ сарын 12-нд эхлүүлсэн юм. Энэ нь туршилтынхаа хоёрдугаар үе шатанд орсон  дэлхийн анхны вакцин болж байна. Түүнээс гадна “Wuhan Institute of Biological Products” компани болон био эм бэлдмэлийн “Sinovac Biotech” компанийн бүтээсэн өөр хоёр вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн.

ИХ БРИТАНИ

Европ тивд COVID-19-ийн вакциний анхны туршилт өнгөрсөн долоо хоногт Их Британийн Оксфордод эхэлж, эхний хоёр хүн тариулав. Оксфордын их сургуулийн судлаачдын баг гурван сарын хугацаанд вакциныг бүтээжээ. Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр уг вакцинийг турших юм. Эдгээр хүмүүсийн хагаст нь коронавирусийн вакцин харин үлдсэн хэсэгт нь менингитээс хамгаалдаг вакцин тарих замаар туршилтыг хийнэ.Тэд өмнө нь коронавирусийн нэг төрөл болох “Mers”-ийн эсрэг вакцин бүтээж, туршилт нь амжилттай болж байсан түүхтэй.

АНУ

АНУ-д шинэ коронавирусээс хамгаалах вакциний эмнэлзүйн туршилт гуравдугаар сард Сиетл хотод эхэлсэн. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, “Moderna” компанийн мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн вакциныг эхний ээлжинд залуу, эрүүл 45 сайн дурын оролцогчид хийж байна. Вакцинд вирус агуулагдаагүй тул туршилтад оролцогчид халдвар авах боломжгүй байна. Энэхүү туршилтын зорилго нь вакцин сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгах аж.

ОХУ

Гуравдугаар сарын 20-нд Новосибирскийн  вирус судлалын «Вектор» төвд эмнэл зүйн өмнөх шатны туршилт хийж эхлүүлсэн. Мөн Оросын эрдэмтэд COVID-19-ийн эсрэг зургаан өөр төрлийн вакциныг боловсруулах ажил дээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ойрын ирээдүйд аюулгүй вакциныг баталгаажуулах болно гэж мэдэгдсэн.

ХБНГУ

Германы биотехнологийн компани болох Bio and Tech нь коронавирусийн эсрэг вакцины туршилтыг хүний бие дээр турших эмнэлзүйн туршилтын зөвшөөрлийг Засгийн газраасаа авчээ. Туршилтын эхний шатанд 18-55 насны харьцангүй эрүүл 220 хүнийг хамруулна. Харин амжилттай болсон тохиолдолд хоёрдугаар шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулна.

ТРАМП ХЯТАДЫГ “ӨВДӨГ СӨГДҮҮЛЭХ” ГЭЖ ҮЗНЭ 

Ийнхүү дэлхийн томоохон гүрнүүдийн дунд вакцинийг аль улс түрүүлж гаргаж авах вэ гэсэн ширүүн өрсөлдөөн явагдаж байна.

Хэрэв АНУ вакцинийг түрүүлж гаргавал ирэх 11 сард болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп үнэмлэхүй ялалт байгуулах магадлалтай хэмээн олон улсын шинжээчид үзэж буй юм. Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Хятад, Америкийн харилцаа улам хурцдаж, Трамп Хятадын эсрэг улс орнуудыг турхирна гэж Оросын судлаач Анатолий Сердюков бичжээ. Хятадын олон улс дахь нөлөөллийг багасгах, дэлхий нийтэд цар тахал тараасан хэмээн нөхөн төлбөр нэхэмжлэх гэх мэт ширүүн алхамуудыг хийж Хятадыг “өвдөг сөгдүүлэх” гэж оролдоно.

Цах тахлын улмаас дэлхий нийтэд үндэсний үзэл огцом сэргэж буй юм. Үүнийг овжин ашиглаж үндэсний үзлийг сэвж глобалистуудын эсрэг тэмцэж буй Дональд Трамп цар тахлаас асар их хохирол амссан орнуудаас хүчтэй дэмжлэг авна. Энэ үйл явцыг “Empire Strikes Back” буюу “Эзэнт гүрний цохилт” хэмээн олон улс судлаачид нэрлэж байна.

Exit mobile version