Нийгэм

АТГ-аас цагдаа нарт энгэрийн камерын хэрэглээгээ сайжруулахыг сануулав

Нийтэлсэн

Авлигатай тэмцэх газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэг болон гуравдугаар хэлтэст хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцав.

Дээрх хэлтсүүд нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдагдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, мэдэгдлийн хариуг хугацаанд нь өгөөгүй, авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл бүрэн арилаагүй  байх тул дахин гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжийг дараах чиглэлээр өгөв. Тухайлбал,

  • Авлигатай тэмцэх газраас авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацаанд нь ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, бичиг хэргийн бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах;
  • Удирдах албан тушаалтнуудын зүгээс үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавьж байгаа хяналтыг дээшлүүлэх;
  • Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын энгэрийн камерыг хэрэглээг сайжруулах, хэлтсийн удирдлагын зүгээс албан хаагчдыг үүрэг гүйцэтгэхдээ тогтмол энгэрийн камераа ажиллуулах талаар бичгээр үүрэг чиглэл өгөх, үүрэг гүйцэтгэсэн албан хаагч энгэрийн камерын бичлэгийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгөхдөө бүртгэлийн дэвтэр хөтлөн, гарын үсэг зуруулж байх, албан хаагчийн энгэрийн камерын хэрэглээ, бичлэгт ахлах ажилтан, удирдлагын зүгээс тогтмол хяналт тавих;
  • Албан хаагчдын хууль бус зохисгүй үйлдэл, ёс зүйн харилцааны талаар гомдол, мэдээллийг хүлээн авах механизмыг илүү сайн бүрдүүлэх, ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж хэвших, сахилга ёс зүйн зөрчил гаргасан  албан хаагчдад тухай бүр хариуцлага хүлээлгэх;
  • Авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих сэтгэл зүйг бүрдүүлэх чиглэлээр авлигын гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдсэн албан хаагчдын талаар мэдээллийг хэлтсийн бие бүрэлдэхүүн, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байх арга хэмжээ авах.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Exit mobile version