Дэлхий

Ким Жон Ун хаана байгаа вэ?

Нийтэлсэн

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэх дөрөвдүгээр сарын 15-ны уламжлалт арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун оролцоогүй. Хойд Солонгосын төв телевизэд мэдээлснээр Ким Жон Ун сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд улс төрийн хорооны хуралд оролцжээ. Үүнээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Ким Жон Уны эрүүл мэнд, хаана байгаа талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж, олон улсын удирдагчид ч маш их анхаарал тавьж байна. Гэхдээ хэн ч түүнийг хаана, ямар байдалд байгааг тодорхой мэдэж чадахгүй байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “найз” гэж нэрлэсэн Ким Жон Уны талаар хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Ким Жон Ун хагалгаанд орсны дараа бие нь сайнгүй байгаа гэх мэдээлэлд итгэхгүй байгаа ч түүнд сайн сайхныг хүсч байна” гэснээр олны анхаарлыг татсан. Тэгвэл Дональд Трамп өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ “Ким Жон Ун яагаад сураг алдарсныг мэдэж байгаа. Гэхдээ та бүхэнтэй хуваалцаж чадахгүй. Түүнд сайныг л хүсч байна” хэмээжээ. Дональд Трамп үнэхээр Ким Жон Уны биеийн байдлыг мэдэж байгаа эсвэл олон нийтийн анхаарлыг татах оролдлого уу, гэдэг нь ойлгомжгүй. Трамп өнгөрсөн 2018 оноос хойш Ким Жон Унтай гурван удаа уулзаж, хоёр орны дайсагналыг нэлээд зөөлрүүлэн хоорондоо захидал солилцдог болсон юм.

Хойд Солонгост мэдээллийн урсгалыг нарийн хянаж, цөөн тооны гар утас хэрэглэгч иргэдийг хатуу хяналт дор байлгадаг. Тиймдээ ч дэлхий дээрх хамгийн хаагдмал орны төрийн тэргүүний мэдээлэл өндөр нууцлалттай тул Ким Жон Уны талаар мэдээллийг олж авна гэдэг амаргүй. Хөрш Өмнөд Солонгос улсын тагнуулын сүлжээ ч Ким Жон Уны эрүүл мэнд, хаана байгааг нарийн мэдэж чадахгүй байна. Ихэнх мэдээлэл цөөн тооны эх сурвалжийн таамаглал, сураг ажиг дээр үндэслэсэн байх аж. Өмнө нь Ким Жон Уны эцэг Ким Жон Иль нас барсан мэдээлэл хоёр хоногийн дараа анх Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаар цацагдаж байжээ. Хойд Солонгосын хоёр дахь удирдагч Ким Жон Иль нь 2011 онд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Сөүлд төвтэй Хойд Солонгосын мэдээ (Daily NK) вэбсайтад мэдээлснээр Ким Жон Ун нь эрүүл бус амьдралын хэв маяг, хорт зуршлынхаа улмаас зүрхний өвчнөөр өвдөж, мэс засалд орсон гэх мэдээллийг өөрийн эх сурвалждаа үндэслэн нийтэлсэн. Түүнчлэн Ким Жон Ун хагалгааны дараа биеийн байдал нь муу байгаа гэж мэдээлсэн юм. 36 настай Ким Жон Ун жингийн илүүдэлтэй, тамхи их татдаг, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан өвдсөн гэх таамаг байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний мэс засалд оржээ. Үүний зэрэгцээ Вашингтонд төвтэй 38-р өргөргийг ажиглах бүлгээс Ким Жон Уны галт тэрэг зүүн эргийн Уонсан хотод байгааг хиймэл дагуулын зургаар баталж, түүнийг тэнд амарч, эмчлүүлж байгаа гэх таамгийг дэвшүүлсэн юм. Харин Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр Ким Жон Ун харагдахгүй байгаа ч тус улстай хийж буй бизнес, харилцаа хэвийн үргэлжилж байгааг онцолсон. Мөн Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Ким Ён Чул даваа гаригт Ким Жон Уны биеийн байдал сайн, эсэн мэнд байгаа гэх мэдээллийг хийсэн юм. Коммунист намын эрхлэн гаргадаг “Родон Синмун” сонинд энэ долоо хоногийн эхээр удирдагч Ким Жон Ун нь өөрийн байрлаж буй Уонсан хот дахь жуулчдад зориулсан байгууламжийг барьж буй ажилчдад талархлын захидал илгээснийг мэдээлжээ. Үүний зэрэгцээ сүүлийн хэд хоногт Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас удирдагч Ким Жон Ун Сири, Куба, Өмнөд Африкийн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нарт мэндчилгээ дэвшүүлснийг мэдээлжээ. Гэхдээ эдгээр мэдээнүүд ямар нэгэн зураггүй цацагдсан нь хардлага төрүүлж байна.

Ким Жон Уны эрүүл мэнд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлэхийг олон улсын мэргэжилтнүүд онцолж, АНУ, Өмнөд Солонгос болон бусад орнуудыг тогтворгүй байдалд бэлтгэлтэй байхыг сануулжээ. Хэрэв Ким Жон Ун нас барвал албан ёсоор зарласан залгамжлагч байхгүй тул Хойд Солонгост улс төр, цэргийнхний хооронд сөргөлдөөн гарч, тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

Ким Жон Уны талаар дараах таамгуудыг мэргэжилтнүүд дэвшүүлж байна:

1. Хагалгааны дараа тэнхэрч байгаа

Удирдагч Ким Жон Ун энэ дөрөвдүгээр сарын эхээр зүрхний мэс засалд орж, хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэн тэнхэрч байгаа гэж “Daily NK” вэбсайт мэдээлсэн. Түүнийг Хойд Солонгосын нийслэл Пёньян хотын захад орших Хянгсан эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа гэж мэдээлсэн. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний тусгай зөвлөх Мун Чун Ин хэлэхдээ “Ким Жон Ун эсэн мэнд байгаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-аас хойш тэнгисийн эргийн Уонсан хотод байгаа” хэмээн мэдэгджээ.

2. Ким Жон Уны амь нас дээсэн дөрөөн дээр байгаа

Ким Жон Уныг хагалгаанд орсныг мэдээлснээс хэдэн цагийн дараа “CNN” агентлаг АНУ-ын тагнуулын эх сурвалжид тулгуурлан түүний амь эрсдэл орсон гэж мэдээлжээ. Түүнчлэн “Bloomberg News” сайтад Ким Жон Уны биеийн байдал тодорхойгүй байгаа ч амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа бололтой гэж мэдээлсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх мэдээллүүдийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн. Гэтэл “Reuters” мэдээллийн агентлаг өнгөрсөн амралтын өдрөөр Хятадын Коммунист намын олон улсын харилцаа холбооны газрын албаныхан Пёньянд айлчилсныг мэдээлжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Ким Жон Уны эрүүл мэндийн байдалд зөвлөх Хятадын эмнэлгийн мэргэжилтнүүд багтсаныг онцолсон юм. Харин Хятадын гадаад хэргийн яамнаас Пёньян руу коронавирусийг оношлоход зориулсан баг илгээсэн тэд нар эмнэлгийн мэргэжилтнүүдээс ялгаатай гэх тайлбар хийжээ. Өмнө нь 2008 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Иль тархинд цус харвах үед Хятад, Францын эмч нар эмчилгээнд оролцож байсныг хожим мэдээлсэн.

3.Өөрийгөө тусгаарласан

Хойд Солонгосын албаныхан тус улсад коронавирусийн цар тахал бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа ч Хятадаас эмнэлгийн баг илгээсэн нь анхаарал татаж байна. Хятад улс нь коронавирусийн эсрэг мэргэшсэн эмч нарын багаа олон улсад илгээн тусламж үзүүлж буй. Сөүлд байрлаж буй АНУ-ын өндөр албан тушаалын генералын мэдээлснээр Хойд Солонгост олон мянган хүнийг тусгаарлаж, халдварын тохиолдол бүртгэгдсэн нь тодорхой гэж мэдээлжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын “JoongAng Daily” сонинд мэдээлэхдээ Ким Жон Ун халдвараас сэргийлэн өөрийгөө тусгаарласан гэнэ. Хятад дахь эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Уны бие хамгаалагчдын нэг нь коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор тэрбээр өөрийгөө тусгаарлан ажиглаж байгаа гэнэ. Тиймээс Хятадын Коммунист намаас Пёньян руу 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багаа илгээсэн аж.

4. Цэргийн сургуулилтын үеэр гэмтсэн

Ким Жон Уны эрэлд гарсан гадаадын эх сурвалжууд түүний хуягт галт тэрэг зүүн эргийн Уонсан хотод буудалласныг ажиглажээ. Тус хотод Кимийн гэр бүлийн амралтын орд байрладаг бөгөөд тогтмол пуужингийн туршилт явагддаг. Вашингтонд төвтэй 38-р өргөргийг ажиглах бүлгээс Ким Жон Уны галт тэрэг зүүн эргийн Уонсан хотод байгааг хиймэл дагуулын зургаар баталжээ. Нийслэл Пёньянаас 230 км зайтай орших Уонсан хотод дөрөвдүгээр сарын 14-нд пуужингийн туршилт, байлдааны хөлгийг оролцуулсан цэргийн сургуулилт болжээ. АНУ-д амьдарч буй дүрвэгч Ри Жон Хо гэгчийн мэдээлснээр Ким Жон Ун энэхүү сургуулилтын үеэр гэмтсэн байх магадлалтай гэнэ.

5. Анхаарал татах заль

Хоёр Солонгосын харилцааны асуудлыг хариуцдаг БНСУ-ын парламентын хорооны гишүүн Юн Сан Хёны тайлбарласнаар Ким Жон Уны гэнэт сураг тасарсан нь дэлхий дахины анхаарлыг татах заль байх магадлалтай гэнэ. Энэ нөхцөлд Ким Жон Ун түүний залгамжлагч болон хүчний тэмцлийн талаарх маргааныг тогтворжуулахын тулд ойрын өдрүүдэд дахин гарч ирнэ гэж тайлбарлажээ. Гэхдээ Ким Жон Ун өмнө нь 2014 онд хэсэг хугацаанд сураггүй болсныхоо дараа шагайн гэмтлээс болж бага зэрэг доголж байсан юм. Тэрбээр таягтай олон хоног явсан аж. Тиймээс зүгээр анхаарал татахын тулд сураггүй болсон гэх тайлбараас илүү эрүүл мэндийн шалтгаантай байх магадлал өндөр байна.

Exit mobile version