CRI Монгол радио

Шиньжяны сурагчид амны хаалттай хичээллэж байна

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас цагаан сарын дараа Хятад улсад хөл хорио тогтоож, сургуулиуд хичээлээ завсарлаад байсан юм. Сургуулиуд хичээлээ тасалдуулахгүйн тулд интернет сургалт явуулж, заан сургалтаа үргэлжлүүлсэн байдаг.

ШУӨЗО-ны Ховогсайрын I бага сургуулийн Буяндэлгэрийн Зандан багш бидэнд утсаар ярилцлага өгсөн юм. Сарын өмнө буюу 3-р сарын 23-наас тус сургуулийн хүүхдүүд амны хаалттай, ариутгал хийж, сурагчдын аюулгүй байдлыг баталгаажуулсан нөхцөлд хичээлдээ явах болж, сургууль хэвийн ажиллах болсон байна.

Зандан: “Цагаан сарын дараа бид хүүхдүүддээ гар утсаараа хичээлээ зааж, сурагчид даалгавраа утсаараа ирүүлж, хичээл сурлагаа ер таслаагүй. Одоо манай сургууль хэвийн ажиллаад сар гаруй болчихлоо, хүүхдүүд амны хаалттай, гараа байнга угааж, сургуулийн талаас ариутгалыг сайн хийж байна. Аюулгүй байдлыг баталгаажуулсан орчинд бид хэвийн ажиллаж байна” хэмээн сургуулийн байдлаа танилцуулсан юм.

ШУӨЗО Хятад улсдаа хамгийн түрүүнд сургуулийн хичээлээ эхлүүлсэн мужийн нэг хэмээн мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байсан юм. Ховогсайр нь Шиньжяны Тарвагатай аймгийн харьяа монгол үндэстний өөртөө засах сянь юм.

 

Н.Пүрэвжав мэдээлэв

Exit mobile version