Дэлхий

Францын эмнэлэг арванхоёрдугаар сард эмчлүүлсэн өвчтөн нь коронавирусийн халдвартай байсныг сая тогтоожээ

Нийтэлсэн

Францын нэгэн эмнэлэг коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнө эмчлүүлж байсан өвчтөнүүдийн сорьцыг дахин шинжлэх явцдаа Covid-19 өвчний халдвар илрүүлжээ.

Уг сорьцыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд тус эмнэлэгт хэвтэж байсан амьсгалын замын өвчтэй хүнээс авсан юм байна.

Гэтэл Франц улсын засгийн газар үүнээс сар орчмын дараа коронавирусийн халдварын анхны тохиолдлыг илрүүлснээ зарлаж байжээ.

Парисын хойд дүүргийн Ависен-Жан Вердьер эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ив Коэн тус эмнэлэгт арванхоёр, нэгдүгээр саруудад ханиад томуугаа эмчлүүлж байсан 24 өвчтөний сорьцыг шинжилсэн тухайгаа хэвлэлд ярьсан байна.

“24 өвчтөний нэг нь арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Covid-19 өвчний халдвартай байжээ” гэж тэрээр хэвлэлд ярьжээ.

Алдаа гарахаас сэргийлж, сорьц бүрийг PCR оношлуураар хэд хэдэн удаа шалгасан гэнэ.

Доктор Коэн энэхүү өвчтөнийг Францын хамгийн анхны халдвар тээгч гэж дүгнэхэд эрт байгааг хэлжээ.

“Манайд 15 хоног хэвтэж эмчлүүлсэн өвчтөн өөрөө ханиад хүрээд зогсоогүй хоёр хүүхдэдээ халдаасан байсан. Харин супермаркетад ажилладаг эхнэр нь өвдөөгүй байв. Гэрээсээ хол явдаггүй байсан тэр яаж ханиад авснаа ойлгохгүй гайхаж байсан. Түүнтэй харьцдаг ганц хүн эхнэр нь байсан юм” гэж эмч ярьсан байна.

Ганц сэжигтэй зүйл нь өвчтөний эхнэр суши зардаг лангуутай зэргэлдээ лангуунд ажилладаг байжээ. Тэнд Хятад гаралтай хүмүүс ажилладаг байсан гэнэ. Гэхдээ тэнд ажилладаг хүмүүс Хятад руу аялж байсан эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Тиймээс өвчтөний эхнэрийг шинж тэмдэггүй халдвар тээгч байсан байх боломжтой гэж Ив Коэн ярьж байна.

Франц улсын анхны гурван халдвар тээгчийг нэгдүгээр сарын 24-нд Парис болон Бордо хотуудаас илрүүлж байжээ. Гуравдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл тус улсад 25,000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас бараад байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version