Боловсрол

Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй

Нийтэлсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ.

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй.

Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй.

Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой.

170 багш теле хичээлийг заана.

Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй” гэсэн мэдээллийг өгч байна.

Мөн “Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай” гэсэн юм.

Анги Нэвтрүүлэх телевиз
1. 1-р анги 25-р суваг телевиз
2. 2-р анги С1 телевиз
3. 3-р анги Эх орон телевиз
4. 4-р анги UBS  телевиз
5. 5-р анги ETV телевиз
6. 6-р анги TV5 телевиз
7. 7-р анги Боловсрол телевиз
8. 8-р анги TV8 телевиз
9. 9-р анги TV9 телевиз
10. 10-р анги SBN телевиз
11. 11-р анги Eagle телевиз
12. 12-р анги Монгол HD телевиз
13. Цэцэрлэг NTV телевиз

Сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Ямар хугацаанд хоцрогдол үүсэж байна вэ?

-Нийтдээ 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Энэ хугацааг амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэх зэргээр шийднэ. Багш нарыг удаан хугацаанд амрааж байна гэж буруу ойлгуулах явдал байна. Харин ч багш нар хаврын цагт маш их ачаалалтай ажиллана.

-Жилийн эцсийн шалгалтуудыг авах хугацаанд өөрчлөлт орох уу?

-Агуулгыг нөхөж заах тул товлосон хугацаандаа шалгалт авч, зуны амралт эхэлнэ.

-Төгсөх ангийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтдаа хавар илүү цагаар бэлддэг шүү дээ. Гэтэл хичээл нөхөхийн тулд бямба гарагт хичээллэх юм байна. Хүүхдүүдэд хэт ачаалал үүсэх юм биш үү?

-Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Тавдугаар сард илүү хоног хичээллэхгүй тул асуудал үүсэхгүй.

Exit mobile version