Нийгэм

Б.Ууганбаяр: Дадлага сургуулилтад дүүргийн 150 мянган иргэнийг оролцуулна

Нийтэлсэн

“Covid-19”-ын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” гамшгаас хамгаалах дадлага сургуулилт маргааш эхэлнэ. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа.

-Дадлага сургуулилтад дүүргийн иргэн, аж ахуй нэгж байгууллага хэрхэн оролцох вэ?

-Сургалт тавдугаар сарын 6-8-ны өдөр болно. Дадлага сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулилтыг тавдугаар сарын 7-нд зохион байгуулах юм. Энэ үеэр өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл тус дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, хэсэгчилсэн хөл хориог тогтоон ажиллана. Дадлага сургуулилтад  дүүргийн 150 мянган иргэнийг татан оролцуулахдаа нэг дор олон хүн  цуглуулахгүйгээр иргэдийг гэрт нь тусгаарлах, гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавина. Харин дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд дотоод зохион байгуулалтыг өөрсдийн зүгээс  тогтоон ажиллахыг хүссэн.

-Хөл хорионы үед иргэдийн хэрхэн хянах вэ. Нийтийн тээвэр явахгүй гэсэн үг үү?

-Хөл хорионы үеэр цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний 2129 алба хаагчийг 656 цэг дээр харуул хамгаалалтад гаргах ба автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж зөвхөн тусгай албаны машинуудыг нэвтрүүлнэ. Хөл хорионы нөхцлийг зөрчиж  автомашинтай зорчсон хувь хүнийг 150 мянган төгрөг, албан байгууллагыг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэх юм.  Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт автобус зорчихгүй. Бусад дүүргийн чиглэлийн автобус  тогтоосон бүсийн заагаас гадуур хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно.

-Ямар нэг байдлаар зайлшгүй шаардлага гарвал иргэд яах вэ?

– Зайлшгүй шаардлагатай дуудлага, мэдээлэл өгөх иргэд шуурхай албаны 100, 105, 102, 103 болон ХӨСҮТ-ийн 119, 100 гэсэн утаснуудад хандах боломжтой.

Exit mobile version