Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдах талаар ойрын үед олон нийтэд зарлана
Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хоёр дахь шатны арга хэмжээгээ өчигдөр(тавдугаар сарын 6-нд) танилцуулах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдахаар гэрээ хэлцэл хийж байгаа талаар хэллээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд ОУВС, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр албан ёсоор дуусгавар болно. Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 хувьтай буюу “Амжилттай хэрэгжсэн” гэж дүгнэж байгаа.
Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОУВС-д дахин орох гэрээ хэлэлцээрийг хийгээд явж байна. Удахгүй, ойрын үед олон нийтэд зарлана” гэв.
Манай улс 1991 оноос хойш ОУВС-ийн Стэнд бай, ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах зэрэг нийт таван хөтөлбөрийг хэрэгжүүлж, 195.7 сая зээлийг авч, ашигласан.
Харин энэ удаагийн зургаа дахь хөтөлбөр 36 сарын хугацаатай үргэлжлээд ийнхүү дуусаж байна.