Орон нутаг
Онон голын гүүрийг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь зургаан сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, мөн оны 5 дугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус гүүрийн барилгын ажлын нээлтэд оролцсон бөгөөд Засгийн газрын тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн зүгээс энэхүү гүүр баригдсанаар нутгийн иргэд, аялал жуулчлалын чиглэлээр зорин очсон хүмүүсийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ашигтайг онцолж байсан юм.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голын хойд талд жилийн 4 улиралд уламжлалт мал ахуйгаа маллаж, зун, намрын улиралд голын урсацаас хамааран холбоо тогтоох болон зорчиход ихээхэн хүндрэл үүсдэг байна. Тээврийн хөдөлгөөнийг бирваазаар нэвтрүүлж, Дадал сумын нутгаар дамжин зорчдог тул эдийн засаг, цаг хугацааны хувьд ч ихээхэн хор уршигтай байдаг аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Онон голын гүүрийн барилгын ажлын нээлт дээр хэлсэн үгэндээ Баян-Адарга суманд гүүр барих асуудал Хэнтийчүүдийн олон жил хүсэн хүлээж, сүүлийн 30-аад жилийн турш орон нутгийн иргэдээс үе үеийн Засгийн газарт хүсэлт илгээж байсан ч ажил хэрэг бололгүй удсаныг дурдаад, Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэнтэйгээс гадна их хатдын өлгий нутаг болохыг онцолж, энэхүү гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг тэмдэглэсэн.
Түүнчлэн гүүрийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, гэрээт хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг “Гангүүр” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон нь ийнхүү үр дүнгээ өгч Онон голын гүүрийг төлөвлөгөөт хугацаанаас өмнө бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Цаашид тус аймгийн Биндэр суманд Онон голын 209 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.