Нийгэм

Цахим орчин хүчирхийллийг дэвэргэж байна

Нийтэлсэн

“Улс төрч ялаа хоёрыг сониноор алдаг үе ард хоцорч одоо ялаанаас бусдыг нийгмийн сүлжээнд намнадаг болжээ. Цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр эмх замбараагүй байдал бий болж бусдын хэрэгт дурладаг,  огт танихгүй нэгнийг “ичтэл нь шэйр” гэх үгээр ялладаг үзэгдэл өнөөдөр цадигаа алдсаныг тоохгүй өнгөрч болохгүй. Хэн байхаас үл хамаарч хормын дотор “хүчирхийлэгч”, “гэмт хэрэгтэн”, “луйварчин”, “гэр бүл үймүүлэгч”-ээрээ цоллуулж олны танил болох нь энүүхэнд.  Лайк, шэйр цуглуулахын төлөө эсвэл өөрийгөө өрөвдүүлэх гэж  хэн нэгний зургийг ажил мэргэжилтэй нь гэр бүлийнх нь тухай дэлгэж “хэлмэгдүүлсэн”  нэг хүний тэнэг үйлдлийн цаана бүтэн байсан айлын амьдрал сүйрч, хүүхэд өнчирч, хүний амь эрсдэх аюултай. Цахим орчин дахь хүмүүсийн хийрхэл хэн нэгний зургийг нийтлэхээр зогсохгүй. Дэлгүүрээр үйлчлүүлж буй худалдан авагчийн зургийг нууцаар авчихаад түүнийгээ “энэ хулгайч, хүмүүсээ болгоомжлоорой. Ичтэл нь шэйр” гэж бичих нь хэнд ашигтай байх вэ. Дэлгэцийн ард суучихаад пэйж хуудсын хандалт өсгөж хэтэвчээ зузаатгах гэсэн зарим хүмүүсийн золиос нь та бид болсны тод жишээ нь энэ.

Магадгүй өнөөдөр та биш байсан ч ойр дотны маань  хүн ийм байдалд орвол яах вэ гэдгийг бодолцох асуудал. Хэн ч гэмт хэргийн золиос болж болзошгүй. Тоон баримт сөхвөл, 2011 онд цахим гэмт хэрэг бүртгэгдээгүй бол хоёр жилийн өмнө 36, өнгөрсөн онд 70 хувиар өссөн байна.

Цахим орчин хүчирхийллийг дэмжиж гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсныг ч уг тоон баримтаас харж болохоор байна. Хүчирхийлэл зөвхөн хаалттай хаалганы цаана өрнөдөг гэх ойлголт өрөөсгөл юм.  Жишээ нь, алим.мн гэх сайт “Нөхөртэй нь холбогдсон эмэгтэйг эгч дүү нартайгаа нийлэн ууланд аваачин нүцгэлж бичлэг хийсэн хэрэг Орхон аймагт гарчээ гэх мэдээллээ фэйсбүүк хуудастаа“Нөхөртэй нь холбогдсон хоёр эмэгтэй ингэж “шийтгэсэн” байна даа хэмээн нийтэлжээ. Хүчирхийллийг дэмжсэн утга агуулга бүхий  эл мэдээлэл нь 400 лайк, 143 сэтгэгдэл цуглуулж 88 шэйр авчээ. Сэтгэгдлүүдийн дийлэнхэд  элдэв үгээр харааж доромжилсон, үзэн ядсан өнгө аяс давамгайлж,  “зургийг нь нийтэл, шанг нь хүртээ” , “зөв” гэх зэргээр хүмүүс дэмжсэн байх нь нийтлэг.  Харин уг мэдээллийг тус аймгийн цагдаагийн алба хаагч үгүйсгэж худал гэх тайлбар өгөөд буй. Энэ мэтчилэн хандалт авч, лайк шэйр цуглуулах гэж, олны анхаарал татахын тулд цахим орчинд юуг гэж ч бичиж нийтлэхээс сийхгүй хүмүүс олширч буй үйлдэлд хүлээлгэх хариуцлагаа хуулийн байгууллагынхан чангаруулах ёстой.

Нөгөө талаас сүүлийн үед нууцаар бичлэг хийснээ фэйсбүүктээ цацаж, түүнийгээ иргэний үүргээ биелүүлсэн гэж бусдаас сайн оноо авах гэж хичээдэг хүмүүс олширчээ. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 4-ны өдөр нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан “Прүүсчдийн зодоон” гэх бичлэг нийтэлжээ. Бичлэгт хоёр жолооч муудалцсаны улмаас нэгийгээ цохиж, бүр хутга далайж байгаа нь олон хүнийг цочирцуулсан. Угтаа бол бичлэг хийж буй хүн маргалдаж буй хоёр хүнийг кино үзэж байгаа юм шиг хөндлөнгөөс харж зогсох биш тусалж бас  цагдаа дуудсан бол иргэний үүргээ биелүүлэх байлаа.

ас л нэг хүн замын түгжрэлд маргалдаж буй хоёр жолоочийг  нууцаар бичиж “ядарсан өвгөнийг яаж байгаа новш вэ” гэсэн бичлэг фэйсбүүкт нийтэлжээ. Энэ сарын 5-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан уг бичлэгт замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч залуу машинаасаа бууж урдуур нь саад боллоо гэж ахимаг насны нэгэн эрэгтэйг машинаас нь татаж буулган заамдаж, цохиж унагааж байв. Харин дээрэлхүү зан гаргасан жолоочийн үйлдлийг хэн ч таслан зогсоосонгүй “болиоч” гэж бичлэг хийж бас нийтэлжээ. Угтаа бол иргэд бичлэг хийж харж зогсох бус тусалж, шаардлага тавьж бас цагдаад мэдэгдэх нь хувь хүний ухамсар бас үүрэг хариуцлага юм. Угтаа бол цагдаа дуудаж өгч чадаагүй юм гэхэд тухайн хүний гэр бүл, ойр дотны хүмүүсийг бодолцох наад захын хүн чанар байх ёстой. Хэрэв зодуулж буй хүний үр хүүхэд, хань ижил, үр ач нь бичлэгийг үзсэн бол яах вэ. Мэдээж сэтгэл нь эмзэглэнэ, олон нийтийн сүлжээнд цацагдсан нь бүр ч илүү хүнд цохилт болно. Харамсалтай нь хэдхэн лайк, шэйр цуглуулж, бусдаас сайн үнэлгээ авахын төлөө улайрч бичлэг хийж нийгмийн сүлжээнд цацсанаа иргэний үүрэг гэж ойлгож байгаа бол том эндүүрэл.

Өнөөдөр Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн бол инстаграмыг 16, твиттерийг 40 мянган хүн хэрэглэдэг гэх тооцоо бий. Нийгмийн сүлжээний хэрэглээний үзүүлэлтээс авч үзэхэд сард дунджаар нэг иргэн таван сэтгэгдэл бичиж, 16 удаа лайк дарж, гурван нийтлэл (пост) хуваалцаж, сурталчилгааны 12 мэдээлэл сонирхдог байна. Харин таван хэрэглэгчийн нэг нь цахим дарамтад өртсөн гэдэг нь судалгаагаар нотлогдсон бол нэрээ нуусан эсвэл хувийн мэдээллийг нь мэдэх боломжгүй этгээдийн талаас илүү хувь нь өөрийн нэрээ ашигладаг хэрэглэгчээс илүүтай сөрөг сэтгэгдэл бичдэг байна. Хүмүүс цахим орчинд тухайн онцолж байгаа хүнээ хүн гэж тоохоо болих үедээ илүү бүдүүлэг болж, харц тулгарахгүй орчинд улам түрэмгий, үгээ сонгохдоо үл тоодог, ялгаваралах хандлагатай болдог аж. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж ярих дуртай ч хувиа бодсон, бусдын мууд дуртай, хүйтэн сэтгэлтнүүд болж байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс нийгмийн сүлжээнд албаар, эсвэл санаандгүй байдлаар хэнийг ч бүү намна, сохроор бүү ялла.

Exit mobile version