Дэлхий
ОХУ-д “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 198 мянгад хүрчээ
Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 214 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд нийт 4 сая хүн шинэ коронавирусээр халдварлаж, 278 мянган хүн нас баржээ. Харин 1.3 сая хүн эдгэрсэн байна.
ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 198,676-д хүрснээр Франц, Германыг гүйцэж түрүүлж эдгээр улсуудын өмнө буюу тавдугаарт бичигдэх болов. Манай улстай хил залгаа Буриадын БНУ-д 518, Өвөрбайгалийн хязгаарт 262 хүн өвчилсөн байна. Тус улсад эмнэлэгийн байгууллага, өндөр настны асрамжийн газар, цэргийн анги зэрэг иргэд олноор төвлөрдөг газруудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд нэг нь нөгөөдөө вирус халдаах тохиолдол ихсэж байна. Уг халдварын улмаас нас барах хүний тоо харьцангуй бага буюу нэг хувь орчим байгаа нь цаг алдахгүй оношилгоо эмчилгээ хийж байгаатай холбоотой гэжээ.
Испани Улсад хөл хориог сулруулж энэ сарын 2-ны өдрөөс гадуур чөлөөтэй зорчиж, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийж эхэлсэн. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх журам үйлчилж, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрууд ганцаарчилсан үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газар хөл хориог хоёр сарын хугацаанд дөрвөн үе шаттай бууруулах төлөвлөгөө боловсруулсан юм. Хэрэв тархалтын нөхцөл байдал хүндрэлгүй байж, төлөвлөгөө хугацаандаа хэрэгжсэн нөхцөлд зургадугаар сарын эцсээр олон нийтийн үйлчилгээний газрууд нээгдэх боломжтой аж. Энэхүү төлөвлөгөө мужуудад харилцан адилгүй хугацаа, нөхцөлтэй хэрэгжинэ.