Улс төр
С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.11/ 09.00 цагт эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.