Улс төр

Нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, бие даагчид гарын үсэг цуглуулна

Нийтэлсэн

УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын ажил цаг хугацааны хуваарийн дагуу явж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар өчигдрөөс буюу тавдугаар сарын 10-наас сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах эрх үүссэн. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 1-16-ны хооронд нам, эвслүүд нэр дэвшүүлэх хуулийн хугацаатай. УИХ-ын сонгуулийн хуулийн 29.1-т “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгавар болгоно” гэсэн заасан. Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа гардаж аваад байгаа. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодорхой болгож СЕХ-д хүргүүлсний дараа СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өгнө.

Бие даагчид гарын үсэг цуглуулж эхэллээ

Энэ удаагийн Их хурлын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ. Тиймээс бие даагчид өчигдрөөс нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.

СЕХ-ноос  коронавирусийн цар тахлын үед бие даагчид хэрхэн гарын үсэг цуглуулах талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжид, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй гэжээ.

Exit mobile version