Нийгэм

ХАЛИМАГТ ялалтын баяраар Монголын ФРОНТЫНХОНЫГ танилцуулав

Нийтэлсэн

Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойг COVID-19 цах тахлын улмаас даруухан болж өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд “Ялалтын баяр”-аар Дэлхийн II дайнд Монголоос ЗХУ-д үзүүлсэн тусламжийн талаар багагүй өгүүлэх боллоо.

Энэ жилийн “Ялалтын баяр”-аар Оросын холбооны Халимаг улсад Монгол улсаас ЗХУ-ын Улаан армийн фрондод бэлэг хүргэлцэж очсон олон түмэнд фронт хэмээн Бадам, фронт Цэгмэд гэж нэрлэгдсэн Дундговь аймгийн малчин Сүрэнхорын Цэгмэд, Увс аймгийн малчин Энгэлийн Бадам нарын тухай зурагт танилцуулгыг нийслэл Элиста хотын гудамж талбайд байрлуулан, “Халимаг үнэн” сонинд тэдний тухай нийтлэн хэвлүүлэн Халимагийн ард түмэнд танилцууллаа. Улаан баатар хотод мөн ялалтын баярын өдрүүдээр Дэлхийн 2-р дайны баатар, ЗХУ-ын 4 удаагийн Баатар, Маршал Жуков болоод Монгол гаралтай, Халимагийн цэргийн жанжин, ЗХУ-ын Баатар, Хошууч Генерал Басан Бадьминович Городовиков (Бадамын Басан), Халимагийн АССР-аас төрсөн Дэлхийн 2-р дайны эхэн үеийн анхны ЗХУ-ын баатар Эрдни Деликов (Дэлэгийн Эрдэнэ) нарын товч намтар, зураг бүхий самбарыг Маршал Жуковын музейн цэцэрлэгийн ар талд байршуулан ард олонд танилцууллаа. Энэхүү ажлыг “Дэлхийн 2-р дайнд Монголчууд халуун сэтгэлээр хандив тусламж илгээн буцалтгүй тусалж, хатуу хүнд дайны жилүүдийг ЗХУ-тай хамтдаа туулсан түүхийг хүүхэд залууст таниулж, сурталчлах зорилгоор Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”, “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” ТББ, “Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академи”, КРОО “Общество друзей Монголии”, ОО “Общероссийский Народный фронт” гэх мэт Монгол улс болон ОХУ –ын төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.

Мөн энэхүү баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Тэргүүн Бату Сергеевич Хасиков Ялалтын баярын мэнд хүргэж: “Дэлхийн 2-р дайны үед ах дүү Монголын ард түмэн Зөвлөлтийн армид халуун сэтгэлийн гараа сунгаж, буцалтгүй тусламж илгээсний дунд Фронт Бадам, Фронт Цэгмэд нарын ард олны төлөөлөл хувиасаа адуу мал, бэлэн мөнгө өргөхөөс гадна Монголын ард түмэн сайн дураараа фронтод бэлэг цуглуулж, хүнд хэцүү цагт мөнхийн хөршийн найрсаг тусламжийн барааг улс орныхоо удирдлагын хамтаар хүргэлцэж түүх бүтээснийг дурьдаад, мөн Улаанбаатар хотноо Халимаг АССР-ээс төрөн гарсан дайчин баатруудын дурсгалыг хүндэтгэсэн үйл ажиллагаагаа зохион байгуулсан Төрийн бус байгууллагуудад талархсанаа илэрхийлжээ” хэмээн, “Калмыкия” (РИА) Бүс нутгийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Ийнхүү энэ жилийн ялалтын баярын Монгол улсаас ЗХУ-д үзүүлсэн тусламжийг өмнөх жилүүдээс илүү үнэлэн ач холбогдол өгсөн, тус дайны түүхэнд холбогдох монголчууд болон монгол гаралт хүмүүсийг ард олонд танилцуулах арга хэмжээг зохион байгуулснаараа онцлог байлаа.

Exit mobile version