Энтертайнмент

Сингапурт нийтийн хэв журмыг сахиулагч робот нохойг туршиж эхлэв

Нийтэлсэн

Дэлхийн өнцөг булан бүрт цар тахлын тархалтыг хязгаарлаж, нийтийн хэв журмыг сахиулах үүднээс дэвшилтэд технологийн тусламжтайгаар хүн амын цугларалтыг зогсоох арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал Сингапур улс өнгөрсөн баасан гарaгаас эхлэн хүн ам хамгийн ихээр цуглардаг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүн хоорондын зайг анхааруулагч, олон нийтийн цугларалтыг зогсоох зорилгоор Boston Dynamics-ийн робот нохойг байршуулж эхэлжээ. Спот хэмээх уг робот нохой нь Сингапурын нийтийн хэв журам сахиулагч цагдаагийн үүргийг гүйцэтгэж буй хоёр дахь робот юм.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Сингапур улс робот нохойг хоёр долоо хоногийн хугацаанд турших аж. Хэрэв робот нохой “зай баримтлах” дүрмийг дагаж мөрдөхгүй хүн илрүүлбэл зөөлөн бөгөөд эелдэг дуугаар “Сингапурыг эрүүл байлгая. Өөрийн болоод бусдын аюулгүй байдлын төлөө дор хаяж нэг метрийн зайтай явна уу. Баярлалаа” гэж хэлдэг байна. Мөн робот алсын удирдлагын тусламжтайгаар эргүүл хийж байх явцдаа цэцэрлэгт хүрээлэнд буй хүмүүсийн тоог тооцоолох боломжтой гэв. Гэвч паркийн удирдлагууд камер нь хүмүүсийг хянах, хувийн мэдээллийг нь хадгалах боломжгүй гэж мэдэгджээ.

Тус улс Зүүн Өмнөд Азийн хамгийн хүнд нөхцөлд байгаа, өвчлөл өндөр бүс нутгийн нэг болсон тул Сингапурын Засгийн газар оршин суугчдаас зөвхөн хүнсний дэлгүүр орох зөвшөөрөл олгож, маск зүүхийг шаардаж буй юм. Мөн гадаа дасгал хийж болох ч ганцаараа хийх ёстой хэмээн үүрэг болгожээ.

Exit mobile version