Covid-19

“Covid-19”: Гаалийн байгууллагын онцгой үүрэг

Нийтэлсэн

Гааль бол улсын онцгой обьект бүхий хууль сахиулах тусгай алба. Тэр ч утгаараа коронавирусын нөхцөл байдлын үед боомтуудын үйл ажиллагаа улам нарийсч, онцгой үүрэг хүлээж байна. Нэг ёсондоо Монгол Улсад “юу” орж гарах нь гаалийн байгууллагын нэр хүнд, алба хаагчдын ур чадвар, сэтгэл зүтгэлтэй  салшгүй холбоотой учраас эрсдэлт цаг үед халуун цаг дээр хариуцлагатай ажиллах онцгой үүрэгтэй.

“Covid-19” халдварын тархалт агаарын тээвэр, аялал жуулчлалын хөдөлгөөнийг хязгаарласан ч бараа тээвэр хэвийн явагдаж буй. Энэ онцгой цаг үед дэлхийн бусад улс орны гаалийн алба олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг бууруулахад анхаарч байна. Ялангуяа,  эм, эмнэлгийн хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламжийн бараанд гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан байдлаар хийж дэлхий нийтэд дэмжлэг болж байгаа юм.

 

18 ГААЛИЙН ГАЗАР ХОРООДОД ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР ТОГТМОЛ ГАРЧ БАЙНА

 

Цар тахалтай холбоотойгоор үүрэг гүйцэтгэж буй тусгай хяналтын бүсэд гаалийн байцаагчид шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж ачааны хүндийг үүрэлцэж байна. Улс хооронд дамжин өнгөрдөг тээвэр дээр гаалийн байцаагчид ажиллах зэргээр 6-7 алба хаагч үүрэг гүйцэтгэж яваад тусгаарлалтад хамрагдсан байдаг. Мөн экспорт, импортын барааны бүрдүүлэлт, хяналт шалгалт гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй. Гаалийн байгууллага “Covid-19” халдварын үед хэрхэн ажиллаж байгаа талаар ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайванаас тодруу­лахад “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Шуурхай бо­лон хариуц­лагатай жижүүрийг боомтууд болон 18 гаалийн газар, хороодод тогтмол гаргаж байгаа. Зарим хилийн боомт, экспортын барааг хязгаарласан. Шивээ хүрэн, Гашуун сухайтаар халдвар­гүйжүүлэлт хий­гээд контейнэрээр нүүрс тээвэрлэж байна. Засгийн газрын тогтоолоор эрүүл мэндийн хэрэгсэл амны хаалтыг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага татваргүй оруулж ирж байна. Харин экспортлохыг хориглосон. Хилээр орж, гарч байгаа барааг бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байгууллага өндөр хяналт дор, гаалийн байгууллага хяналт бүрдүүлэлтээ хийж байна” гэлээ. Онцгой нөхцлийн үед гадаадаас татан авчирч байгаа иргэдийн ачаа тээшийг хуваарилах, ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулах зэргээр онцгой үүрэг хүлээж байна.

 

АМНЫ ХААЛТ 17435, КОРОНАВИРУСЫН ОНОШЛУУР 79 МЯНГЫГ ИМПОРТОЛЖЭЭ

 

Цар тахалын үед байгууллагууд цахимаар ажиллах дадалд хэвшиж байгаа бол гаалийн байцаагчид шуурхай, хариуцлагатай ажиллаж байгаа. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр цар тахалтай холбоотойгоор экспорт, импорт огцом буурчээ. Энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан мэдээгээр Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 1.68 тэрбум долларын импорт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, коронавирусын дэгдэлтээс үүдэж экспортын хэмжээ оны өмнөх үетэй харьцуулахад 40.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 оны эхнээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11.4 сая тонн нүүрс гаргаад байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 4.1 сая тонн нүүрс экспортолсон. Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 386 тээврийн хэрэгслээр 40 мянган тонн нүүрс, 1,937 тонн зэсийн баяжмал гаргажээ. Харин Шивээхүрэн боомтоор 160 машинаар 16161 тонн нүүрс, Баянхошуу боомтоор 5314 баррель нефт гарсан байна. Ийнхүү ажлын өдрүүдэд Өмнөговийн хоёр боомтоор 700 гаруй машин нүүрсний тээвэрлэлт хийж байна.

Импорт өнгөрсөн оны эхний дөрвөн сарынхаас 202 сая ам.доллароор буурчээ. Тухайлбал, автомашин, техникийн импорт 115.5 сая ам.доллароор буурсны дотор суудлын автомашин эхний дөрвөн сард 18.371 ширхэг оруулж ирсэн нь өмнөх оныхоос 7121 ширхэгээр цөөн. Ачааны машины импорт 17 хувиар буурчээ. Дизелийн түлшний импорт ч мөн адил 21.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гаалийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сард  77 зөрчил илрүүлж  63 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар хэлж байв. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг байжээ. Харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт гэх мэт металл 37.8 сая төгрөг болсон байна.

Харин хүнсний бүтээгдэхүүний тухайд өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, жимсийг эс тооцвол бусад хүнсний импорт тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй. Дэлхийн 200 гаруй улс оронд тархсан титэм вирусын улмаас амны хаалт, ариутгалын бодисын импорт огцом өссөн. Тухайлбал, оны эхний дөрвөн сарын байдлаар амны хаалт 17435 ширхэг, коронавирусын оношлуур 79 мянга, хамгаалалтын иж бүрдэл 14937, эмнэлгийн тоног төхөөрөмж 8266 ширхгийг импортолсон байна. Гаалийн байгууллагаас олон улсын стандарт чиглэлийг баримталж хүмүүнлэгийн тусламжийн бараа, эрүүл мэнд, эмнэлгийн хэрэгслийг аль болох аль болох шуурхай, хялбаршуулсан байдлаар хилээр нэвтрүүлж байгаа юм.

Гаалийн байгууллага энэ онд “Digital Transformation” буюу Цахим хувьсгалыг эхлүүлж түүхэндээ хамгийн их буюу 14 тэрбум төгрөгөөр салбараа шинэчилж байна. Стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг уялдуулсан цахим хувьслаар хэтийн төлвөө тодорхойлсон нь онцгой нөхцөл байдлын энэ үед ч өгөөжөө өгөх нь лавтай. Бүтээн байгуулалт бүрийг технологийн дэвшилтэй уяж байгаа нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна хууль бус бүхнээс ангижрах хялбарчилсан хэрнээ найдвартай ажиллагаанд шилжих юм.Ганцхан жишээ дурьдахад нефтийн бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслээс таван минутад, уул уурхайн бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслээс дөрвөн минутад дээж авч шинжилнэ. Мөн алт хууль бусаар хил давуулахаа больж татвар нь бидэнд үлдэх зэргээр хилээр нэвтэрч буй зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд 24 цагийн турш технологийн дэвшлээр шуурхай хяналт тавьж 18 гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг  нэгдсэн камерын системээр хянахаар болж байна.

Exit mobile version