Дэлхий

Дэлхийн улс төрийн “тоглоом”-ын дүрмийг тодорхойлогч орнууд коронавируст ХАМГИЙН ИХ дарлуулж байна

Нийтэлсэн

Аюулгүйн зөвлөл бол НҮБ-ын гол байгууллага юм. Дүрмийн дагуу, тус зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд 15 улс багтдаг бөгөөд БНХАУ, ОХУ, Их Британи, АНУ болон Франц гэсэн байнгын таван гишүүнтэй. Мөн 10 нь жил тутамд бүрэлдэхүүнийг нь шинэчилдэг байнгын бус гишүүнээс бүрддэг.

Тэгвэл шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан улсуудыг авч үзвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон “COVID-19”-т хамгийн ихээр “дарлуулж” буй.

1. COVID-19 АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН “ДАЛАВЧИЙГ” ТАСДАЖ БАЙНА 

АНУ-д хөл хорио тогтоосноос хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 30 саяд хүрээд байна. Тус улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 хувиар агшжээ. Энэ нь шинжээчдийн төсөөллөөс ихээр буурсан үзүүлэлт бөгөөд 2008 оноос хойших хамгийн огцом уналт юм. ДНБ ийнхүү агшихад өрхийн хэрэглээ 7.9 хувиар багассан, хөрөнгө оруулалт буурсан нь голлон нөлөөлөв.

АНУ-д 1.4 сая хүн коронавирусийн халдвар авснаас 83,425 мянган хүн нас баржээ.

 

Өнөөгийн байдлаар америкчуудын 80 хувь нь хөл хорионд орсон бөгөөд үйлчилгээний салбар, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар зогсонги байдалтай оржээ. Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авах зорилгоор АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг баталсан юм.

Энэ хүрээнд

  • Насанд хүрсэн хүн бүрт 1200 ам.доллар,
  • Хот мужуудын аж ахуйн нэгжийн зээлийн хөтөлбөрт санд 500 тэрбум ам.доллар,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 367 тэрбум ам.доллар,
  • Эмнэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангийн өргөтгөлд 130 тэрбум ам.долларыг зарцуулахаар тус тус төлөвлөөд байна.

АНУ-д энэ сарын 1-нээс эхлэн хэд хэдэн муж хөл хорионы дэглэмээ сулруулсан. Гэвч улс төрийн намууд болон тэднийг дэмжигч иргэд хөл хориог сулруулах талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж зөрчилдөөнтэй байна. Тодруулбал, Иллинойс болон Мичиган мужуудад улс төрийн тэмцэл ширүүсч, Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчийг эсэргүүцсэн жагсаал болов. Техас муж 26 сая иргэнийхээ гэрийн хорионы дэглэмийг цуцалсан, Өмнөд Каролин мужид олон нийтийн газрууд аажмаар нээгдсэн, Айова мужийн удирдлага хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулсан зэргээс үзэхэд энэ долоо хоногт мужуудын тэн хагаст хөл хорионы дэглэм тодорхой хэмжээнд сулрах төлөвтэй. Харин судлаачид хөл хорионы дэглэмийг сулруулах нь өвчний тархалтын хоёр дахь давлагаа үүсгэх аюултайг анхааруулсаар байна.

2. ПУТИН ЦАР ТАХЛЫГ АШИГЛАН УЛС ТӨРИЙН ШОУ ХИЙЖ БАЙНА ГЭВ

ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 232 мянгад хүрснээр Америк, Испанийн дараа буюу гуравдугаарт бичигдэх болов. Засгийн газар орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 2 тэрбум рубль, шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулж 10 тэрбум рубль гаргахаар боллоо. Харин Москва хотын захирагч С.Собянин энэ сарын 12-ны өдрөөс үйлдвэрийн газрууд болон барилгын компаниудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээвэр, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд үүрэг болгосон байна. Түүнчлэн иргэдийг гэрээсээ гарахыг зөвшөөрсөн цахим үнэмлэхийг өдөр бүр олгож байсан ч долоо хоногийн хоёр өдөр олгохоор болжээ.

Орост энэ сарын 11-нд 11600 хүн коронавирусийн халдвар авсан гэж бүртгэгдсэн нь цар тахал тарснаас хойших хамгийн өндөр тоо болов.

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 232 мянгад хүрлээ. Хамгийн ихээр ачаалалтай байгаа Москва хотын эрүүл мэндийн байгууллагуудад амны хаалт, хамгаалалтын хэрэгсэл байхгүй. Цар тахлын үед ОХУ-ын эрүүл мэндийн тогтолцоо ихээхэн ачаалалтай ажиллаж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна.

Дотоодын эмч эмнэлгийн ажилтнууд хангалттай тусламж авч чадахгүй байхад Орос АНУ болон бусад улс оронд хүмүүнлэгийн дэмжлэг, тусламж үзүүлсэн нь маш том шүүмжлэлд өртсөн.

Тухайлбал, Италийн “La Stampa” сонинд ОХУ-аас илгээсэн тусламжийн 80 хувь нь “хэрэгцээ хангахгүй” байсан бөгөөд нэр хүнд олох гэсэн оролдлого хэмээн Москваг буруушаажээ. АНУ-д тусламж илгээсэн тухайд Европын бодлогын шинжилгээний төвийн тэргүүн Алина Полякова дүгнэхдээ: “Энэ бол Оросуудын нэр хүнд олох гэсэн алхам юм. Аливаа хямрал, гамшиг тохиолдоход АНУ хамгийн түрүүнд хариуцлага хүлээж, ямар нэг алхам хийдэг гэх нэр хүндтэй байсан бол одоо Орос зэрэг захиргаадлын дэглэмтэй улс дэлхийн хамгийн хүчирхэг улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна гэх улс төрийн шоу” гэжээ.

3. ИХ БРИТАНИД ӨДӨРТ 100 МЯНГАН ХҮНИЙГ ОНОШИЛДОГ БОЛНО

 

Их Британид 226,463 хүн коронавирусийн халдвар авч, 32,692 мянган хүн нас баржээ.

 

Их Британийн Засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн өдөрт 100 мянган хүнийг оношилгоонд хамруулахаар ажиллаж байгаа ч зорилтот хэмжээнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд 86 мянгад хэлбэлзэж буй юм. Их Британийн Засгийн газар:

  • Үндэсний эрүүл мэндийн газрын цаашдын хүчин чадал, нөөц бололцоо бэлэн эсэх;
  • нас баралт тогтмол буурч байгаа эсэх;
  • цаашид халдварын тархалтыг тогтоон барьж чадах түвшинд хүрсэн эсэх;
  • оношлуур болон хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээтэй эсэх;
  • хоёр дахь давлагааг эрсдэлгүй давах боломж зэргийг харгалзан хөл хориог сулруулах боловсронгуй төлөвлөгөөг ням гарагт танилцуулахаар зэхэж байна.

Засаг захиргааны нэгжүүд болох Шотланд, Уэльс, Хойд Ирланд нь тус тусын нөхцөл байдалтай уялдуулан зарим өөрчлөлттэйгээр мөн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Их Британийн хэмжээнд коронавирусийн хоёр дахь давлагааны үед R хүчин зүйл буюу коронавирусний халдвартай нэг хүнээс халдвар тархах эрсдэлийн үзүүлэлтийг 1-ээс хэтрүүлэхгүй байхад анхаарч байгаа аж.

4. ФРАНЦ “StopCOVID” НЭРТЭЙ АПП АШИГЛАНА 

Францын Засгийн газар хөл хориог энэ сарын 11-нээс сулруулах төлөвлөгөөг танилцуулсны дараа иргэд уг асуудлаар санал хуваагдав.

Францад 178,225 мянган хүн коронавирусийн халдвар авч, 26,991 мянган хүн нас баржээ.

Үүний дараа Францын Засгийн газраас нийт нутаг дэвсгэрээ улаан-халдварын тархалт өндөртэй, ногоон-халдварын тархалт бага гэсэн хоёр бүсэд хуваан хөл хориог шат дараалан сулруулах байдлаар хэвийн байдалд шилжиж, эдийн засгаа дэмжих төлөвлөгөө гаргажээ.

Хөл хориог цуцлахтай холбоотойгоор коронавирусний халдвартай хүнийг хаана, хэнтэй уулзаж байгааг тогтоох “StopCovid” нэртэй аппликейшнийг зургадугаар сарын 2-ноос эхлэн ашиглана. ЕХ-ны орнууд, Шенгений бүс нутаг болон Их Британиас бусад орноос тус улсад ирж буй бүх хүнийг 14 хоног тусгаарлахаар болов.

5. БНХАУ ӨМНӨ НЬ АЛЬ Ч УЛСЫН ӨГЧ БАЙГААГҮЙ “ШАЛГАЛТ”-ЫГ АМЖИЛТТАЙ ДАВСАН ГЭВ

2020 он бол Си Зиньпиний дэвшүүлсэн ядуурлаас ангижрах дундаж чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг биелүүлэх сүүлийн жил. Мөн 2010 оны ДНБ-ийг 2020 онд нэг дахин нэмэгдүүлэх зорилтын жил юм. Энэхүү том зорилтыг хангахын тулд БНХАУ 2020 онд эдийн засгаа 5.6 хувиар өсгөх шаардлагатай байсан юм. Гэвч “COVID-19”-ын нөлөөгөөр 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хятад коронавирусийн халдвараас ангижирч байна

Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас АНУ, БНХАУ-ын харилцаанд том ан цав үүслээ. БНХАУ, АНУ-ын хооронд “COVID-19″-ийн гарал үүсэл өвчний талаарх маргаан олон нийтийн сүлжээнд одоог хүртэл өрнөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэг хэсэг “Хятад вирус” гэх нэршлээр нэрлэж байсан бол Тайваний албаны хүмүүс “Ухань вирус” гэх нэршлийг одоо ч ашигласаар буй юм.

БНХАУ-ын Ардын Их сургуулийн багш профессор Жин Цанрун “Энэ удаагийн цар тахал олон улсын харилцааны дэг журмыг үндсэнд нь өөрчлөхгүй, гэхдээ зуунд тохиогоогүй их өөрчлөлтийн өдөөгч болно” хэмээн дүгнэсэн байна.

Түүнчлэн “Барууны орнууд өвчний хариуцлагыг Хятадад үүрүүлэхийг санаархаж байна. Ингэснээр тэд хохирогчийн дүр төрхтэй хариуцлагаас мултарч, өвчинтэй тэмцэх хяналт хоригийг сайн хийж чадаагүй барууны тогтолцоо тэдний эрхэмлэдэг үнэт зүйлдээ тулгарах сорилтоо багасгахыг оролдож байна. Энэ удаагийн цар тахал улс орнуудын аюулт нөхцөлд ажиллаж чадах төр засгийн чадамжийг нь сорьсон. БНХАУ урьд өмнө аль ч улсын өгч байгаагүй “шалгалт”-ыг амжилттай давсан” гэв.

Exit mobile version