Энтертайнмент
Роберт Паттинсон дүрдээ зориулж дасгал хийж чадахгүй гэв
Холливудын олон жүжигчин, ялангуяа, эмэгтэй жүжигчид тоглох киноныхоо дүрд тэнцэх гэж төгс биетэй болох гэж зүдэрдэг. Харин энэ асуудал зөвхөн тэдэнд ч биш эрэгтэй жүжигчдэд тохиолддог бололтой. Ялангуяа, супер баатруудын тухай кино моданд орж эхэлснээр киноны найруулагч нар гол дүрийн жүжигчнээ дэлгэцэн дээр том булчинг нь харуулахын тулд олон сарын хатуу бэлтгэл сургуулилт хийх, хоолны дэглэм барихыг шаарддаг болсон байна. Энэ шаардлага “Бэтмэн” киноны гол дүрийг бүтээхээр болсон жүжигчин Роберт Паттинсоныг тойрсонгүй. Гэхдээ тэрээр энэ шаардлагыг нь биелүүлэхэд бэлэн биш байгаагаа Их Британийн “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр алдарт сарьсан багваахай хүний дүрд хувирахын тулд түүнд хийхийг зөвлөсөн дасгалын хөтөлбөрийг дагахгүй байхаар шийдсэнээ ярьсан байна. Бүтэн өдрийг бэлтгэл хийж өнгөрөөнө гэдэг асуудал гэж би бодож байна гэж Лондон дахь гэртээ кино зураг авалт эхлэхийг хүлээж буй Роберт Паттинсон хэлсэн аж. “Варнер” кино студиэс хөлсөлсөн байранд дарга нар нь дасгал хийх хэрэгсэл болон гар туухай явуулсан ч жүжигчин түүнд зориулж мэргэжлийн дасгалжуулагч зохиож өгсөн дэглэмийг сахиж байгаа гэнэ. 1970 онд хэн ч дасгал хийж байгаагүй. Жеймс Дин ч одоо шаардаж байгаа шиг биетэй байх хэрэг байгаагүй гэж өөрийгөө зөвтгөсөн жүжигчин “Бүрэнхий” кинонд тоглож байхад цамцаа тайлахыг надаас нэг удаа гуйсан. Дараа нь намайг хараад цамцаа буцааж өмсөхийг хүссэн гэж хошигножээ. Роберт Паттинсон “Би ванилын амттай, уургийн нунтагтай хольсон овъёос их иддэг. Мөн лаазтай атун загасан дээр жаахан чинжүүтэй амтлагч цацаад идэхэд бэлэн гэв. Би үүнийг их сонин гэж мэдэж байна. Гэхдээ надад зэрлэг амьтан шиг идэх таалагддаг гэж ярилцлагынхаа төгсгөлд ярьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.14 ПҮРЭВ № 95 (6320)