Улс төр
Истанбулын онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариуг өнөөдөр мэдээлнэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Истанбулын тусгай үүргийн нислэгээр 179 иргэн, тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирскээс 347 оюутан ирсэн. ЭМЯ-наас өчигдөр цэргийн сургуулийн оюутнуудад хийсэн шинжилгээний хариуг танилцуулсан бөгөөд 5-р сарын 14-ний байдлаар 52 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 84 хүн эмчлүүлж байна.
Эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний бэлэн байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр үдээс хойш мэдээлэл өгсөн билээ.
Тэрбээр, ХӨСҮТ-д иргэдийг хүлээн авах 250 ор бэлэн байна. Тусгай үүргийн дараагийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авах, халдвар авсан иргэдээ хүлээн авч эмчлэх бүрэн боломжтой. Истанбулын онгоцоор өнөө өглөө ирсэн иргэдээс өнөөдөр сорьц цуглуулж байна. Шинжилгээний хариуг маргаашийн 11.00 цагийн мэдээллээр хэлнэ.
Энэтхэг улсаас болон Алтанбулагийн боомтоор дамжин ОХУ-аас ирэх иргэдээ хүлээн авч, Сэлэнгэ, Дархан-Уулд нэг нэгээр байрлуулах байрыг бэлдсэн байгаа. Эмчилгээнд зориулагдсан эм тариа, эмч мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, тусгаарлах байр хангалттай байгаа.
Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, шаардлагатай бүхий л эм урвалж, оношлуур, хамгаалах хэрэгслийг бидний хүссэн хэмжээгээр хангаж өгсөн.
Халдвар авсан иргэд хяналтад байгаа учир иргэд айж, сандраад байх зүйлгүй. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлаа унагаадаг. Иргэд сэтгэл санаагаа амгалан тайван байлгахаас гадна халдвар авсан иргэддээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг ард иргэддээ анхааруулмаар байна.
Оюутнууд ихэвчлэн хөнгөн явцтай байгаа учир эмчилгээ хурдан авдаг. Бид өнгөрсөн таван сарын хугацаанд багагүй туршлага хуримтлууллаа. Тусгай үүргийн дараагийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авахад бэлэн байна гэлээ.