Улс төр

Айсуй сонгуулийн чимээ: Увс

Нийтэлсэн

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль удахгүй болно.   Тиймээс  “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна.  Энэ удаа Увс аймгийн тойргуудыг  онцолж байна.  Увс аймагт өнгөрсөн хугацаанд 2-3 мандаттай сонгууль болж иржээ. Аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч, улаан тойрог гэдгээ сонгууль болгоноор бататгаж иржээ. Ийнхүү УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөн  Увс аймагт хэрхэн өрнөснийг тоймлон хүргэе.

 

1992 он: МАН/МАХН/

Анхны сонгууль томсгосон мажоритар тогтолцоогоор зохион байгуулагдсан. Увс аймгийн тойрогт МАН-аас  өрсөлдсөн  Н.Баяртсайхан, С.Төмөр, О.Шаалуу нар олонхийн санал авч, анхны парламентын гишүүнээр сонгогдсон байна.

 

1996 он: МАН

76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Увс аймгийн  39 дүгээр тойрогт Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Б.Бат-Эрдэнэ, П.Улаанхүү нар өрсөлдөж, Ц.Нямдорж  ялалт байгуулсан. 40 дүгээр тойрогт  Н.Баяртсайхан, 41 дүгээр тойрогт  С.Төмөр нар олонхийн санал авсан юм.  Тэдэнтэй бусад намаас Д.Басандорж, Р.Батсүх, С.Жуда нар өрсөлдсөн байдаг. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.

 

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ.  Увс аймгийн 39 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Нямдорж, 40 дүгээр тойрогт  Н.Баяртсайхан, 41 дүгээр тойрогт Ч.Авдай нар олонхийн санал авсан. Увсын сонгогчид дахин МАН-ыг багаар нь дэмжсэн байдаг.   Мөн  Ц.Нямдорж, Н.Баяртсайхан нар дахин парламентын гишүүнээр сонгогджээ. Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

 

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.Энэ онд сонгуулийн салхи улс орон даяар арай өөрөөр сэвэлзэж эхлэв.  Гэвч Увс аймгийн сонгогчид  МАН-д үнэнч сонголтыг хийсэн юм.   Тухайлбал, 39 дүгээр тойрогт Ц.Нямдорж, Н.Дүгэржав нар өрсөлдсөнөөс  Ц.Нямдорж гурав дахь удаагаа сонгогдсон байдаг. 40 дүгээр тойрогт МАН-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн, 41 дүгээр тойрогт  Ч.Авдай нар ялалт байгууллаа.   Б.Эрдэнэсүрэн анх удаа, Ч.Авдай хоёр дахь удаа тус тойргоос сонгогдсон юм.

 

2008 он: МАН

УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн,  Ч.Хүрэлбаатар,  Ц.Нямдорж нар олонхийн санал авав. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

 

2012 он: МАН

УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Увс аймгийн тойргууд мөн л “улаан” тойрог болохоо баталсан сонголтыг хийлээ.  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар олонхийн санал авав.

 

2016 он: МАН

2016 онд МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Увс аймгийн 31 дүгээр тойрогт Б.Чойжилсүрэн, О.Цогтгэрэл, Я.Цэрэнханд нар өрсөлдөж Б.Чойжилсүрэн ялсан.   32 дугаар тойрогт  Н.Алтанхуяг,  Н.Цэрэнбат нар өрсөлдөж,  Н.Цэрэнбат анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.  33 дугаар тойрогт Ч.Хүрэлбаатар ялалт байгуулав.  Түүнтэй АН-аас С.Отгонбаяр, МАХН-аас Н.Уламбаяр өрсөлдсөн юм.

 

2020 он:

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана.  Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Энэ долоо хоногт багтаж намууд нэр дэвшигчдээ зарлах учиртай. “Та бидний эвсэл”-ээс Увс аймагт  МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр өрсөлдөнө.  Тэрээр 2016 онд мөн тус тойрогт өрсөлдөж байсан юм. МАН-аас УИХ-ын гишүүн  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол АН-аас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, Засаг дарга асан  Д.Цэндсүрэн,  НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг , Хотын дарга асан  С.Отгонбаяр өрсөлдөж магадгүй юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.15  БААСАН № 96 (6321)

Exit mobile version