Нийгэм
Д.Нямхүү: 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, таван хүн эдгэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өгч байна.
Манай улсад өчигдөр тохиолдлын тоо 56-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 98 болсон. Үүний 55 нь тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирсэн сонсогч оюутан байсан билээ. Нэг нь тавдугаар сарын 3-нд Франкфуртаас ирсэн иргэний хоёр дахь шинжилгээ эерэг гарсан юм. Өнөөдрийн байдлаар Монголд 1619 хүн ажиглалт тусгаарлалтад байгаа аж.
Ингээд сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусийн халдварын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсныг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-аас таван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Дөрөв нь оюутан, нэг нь 55 настай иргэн байнаа. Хамгийн удаан нь 55 хоног эмчлүүлээд гарлаа. Монгол Улсад 98 хүн албан ёсоор бүртгэгдэж, 20 нь эдгэрч, 78 хүн эмчилгээ хийлгэж байна.
ХӨСҮТ-д яг одоо 171 хүн эмчлэгдэж байна. Эдгээр иргэд 214 их эмч, 9 сувилагч, асрагч, 6 ариутгагч гээд нийтдээ 28 хүн үйлчилж, эмчилж байна.
Улсын хэмжээнд дөрвөн лабораторид 381 хүн шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнийг задалбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 199 хүн шинжилгээ хийлээ. Истамбулаас ирсэн 190, Өмнөговь аймагт тусгаарласан нэг, Дорноговьд нэг, тандалтаар 2, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 5 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч 40, тусгаарлалтад байсан 10 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид Сөүлээс ирсэн 132 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй.
Тусгай нислэгээр ирэх хүмүүсээ тооцоолж, иргэдээ татах шийдвэрийг гаргасан. Бид бэлтгэлээ бүрэн хангаж, тооцож авч байгааг хэлье. ХӨСҮТ-д 250 ор бэлтгэсэн бөгөөд одоогоор ачааллын хувьд хэвийн байгаа. Хүндэрсэн хүн цөөн байгаа учраас амьсгалын аппаратын хүрэлцээ хангалттай байна. Цаашдаа бэлэн байдлаа улам бүр чамбайруулна.