Дэлхий

АНУ шинэ супер хурдан пуужинтай болсныг Дональд Трамп зарлажээ

Нийтэлсэн

Баасан гарагийн орой Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэвсэгт хүчний шинэ салбар болох Сансрын Зэвсэгт Хүчний туг далбааг хүлээж авсан байна.

Сансрын Зэвсэгт Хүчин нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд 1947 оноос хойш АНУ анх удаа арми дотроо шинэ салбар нэгж байгуулсан явдал болжээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Дональд Трамп нэгэн сонирхолтой мэдэгдэл хийсэн нь Орос, Хятад зэрэг өрсөлдөгч орнуудын зэвсгийн хүчин чадлаас хол илүү гарах шинэ супер пуужинтай болсныг зарласан хэрэг байв.

Тэрбээр үүнийгээ “super duper missile” гэж онцгойлон нэрлэжээ.

“Бид өөрийгөө хамгаалахын тулд ийм зэвсэгтэй болохоос өөр сонголтгүй байлаа. Манай армийнхны хэлж байгаагаар энэ пуужин нь одоогийн дээд хурднаасаа 17 дахин илүү хурдтай юм байна. Би үүнийг хувьдаа ’super duper missile’ гэж нэрлэж байгаа” хэмээн Трамп ярьсан байна.

Түүнтэй зэрэгцэж зогссон Пентагоны тэргүүн Марк Эспер ерөнхийлөгчийнх нь ярьж буй зүйл үнэн болохыг энэ үеэр баталсан юм.

Трамп цааш нь ярихдаа “Өнөөдөр бид хамгийн хурдан пуужинтай болоод байна. Оросын пуужин тав дахин өндөр хурдтай бол Хятад улс 5-6 дахин хурдтай пуужин бүтээхээр ажиллаж байгаа гэсэн. Харин манайх 17 дахин өндөр хурдтай юм” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дууны хурднаас тав дахин өндөр хурдтай пуужинтай болсноо өнгөрсөн онд зарлаж байсан юм.

Тэрбээр Авангард нэртэй шинэ зэвсгээ “солир мэт” хурдтай хэмээн магтаж байжээ.

Путин арванхоёрдугаар сард зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзахдаа “Өнөөдөр дэлхий дээр дуунаас хурдан зэвсэгтэй ганц ч улс байхгүй. Харин бид ганцаараа тив алгасах тусгалын ийм зэвсэгтэй болоод байна” гэж ярьж байв.

АНУ өнгөрсөн онд өөрийн дуунаас хурдан зэвсгийг туршсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр тарж байв. Тэр үеэс хойш шинэ зэвсгийн талаар Трамп анх удаа ам нээсэн нь энэ юм.

Дональд Трампын засаг захиргаа шинэ зэвсэг бүтээх чиглэлд урьд урьдынхаас илүү хөрөнгө зарцуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ долоо хоногт гарсан судалгааны тайланд өгүүлснээр өнгөрсөн онд манай дэлхийн цөмийн зэвсэгтэй бүх улс орнуудын шинэ зэвсэглэлд зарцуулсан хөрөнгө мөнгөний талыг АНУ дангаараа гаргасан байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version