Нийгэм

Монгол Улс терроризмын аюулын эрсдэлтэй

Нийтэлсэн

Дэлхийн аль ч улс, хүн ам терроризмын аюул заналаас ангид байна гэж үгүй бөгөөд терроризм, түүний аюул занал ямагт оршсоор иржээ. Аюул заналын цар хүрээ ямар байна вэ гэдэгт асуудлын гол бий аж.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Энхбаярын ярьснаар, Терроризмтой тэмцэх зөвлөл 2015 оноос эхлэн “Монгол Улсын терроризмын аюулын эрсдлийн үнэлгээ”-г жил бүр боловсруулж, ҮАБЗ болон төрийн холбогдох байгууллагуудад эрсдлийг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсээр иржээ. Энэхүү эрсдлийн үнэлгээгээр манай улсын терроризмын аюулын эрсдэл “багаас дээш дунд түвшинд” эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна.

Зарим судлаач, иргэд Монгол Улсад терроризмын аюул занал байхгүй, эрсдэлгүй гэсэн байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр юунд тулгуурлаж энэ байр суурийг илэрхийлж байгаа вэ гэдгээ тайлбарлах нь зүйтэй аж.

Манай улс Олон улсын терроризмын нөхцөл байдлын индексээр терроризмын аюул занал харьцангуй бага хэмээн тодорхойлогдсон хэдий ч аюул заналыг шууд үнэлж, эрсдэлгүй улс гэж үзэх боломжгүй юм байна. Нөгөө талаас энэхүү индекс нь зөвхөн дэлхийн улс орнуудад үйлдэгдсэн террорист гэмт хэрэг, халдлага болон түүний улмаас амь насаа алдсан иргэдийн тоон мэдээнд үндэслэдэг ажээ. Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад болон дотоод хүчин зүйлс ямар түвшинд байгаа, түүнээс манай улсад нөлөөлж болзошгүй асуудал юу байгааг тодорхойлж байж бид эрсдэлтэй юу үгүй юу гэдгээ мэдэх юм байна.

Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад хүчин зүйлээс олон улсын террорист байгууллага, тэдгээрийн гадаад террорист дайчид (foreign terrorist fighters)-ын гуравдагч улс орнууд руу шилжиж буй шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд террорист байгууллагад дэлхийн 120 орчим улсаас 50 мянга гаруй иргэн эх орноо орхиж, гишүүнээр элссэн тоо баримт байдаг байна.

Террорист байгууллагуудын эсрэг дэлхийн улс орнууд цэргийн ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд үйл ажиллагааных нь хүрээ хумигдаж, улмаар гишүүд нь гуравдагч улс орнууд руу шилжих, нэвтрэн суурьших, улмаар террорист халдлага үйлдэх аюул занал бодитой байгаа аж. Манай улсын хувьд эдгээр этгээдүүд нэвтрэн орж ирж болзошгүйг олон улсын байгууллагуудаас анхааруулсаар буй юм байна.

Дотоод хүчин зүйлсийн тухайд террорист үйлдэлд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул, олон нийтийн сүлжээ зэргээр дамжуулан суртал ухуулга явуулах, гишүүн элсүүлэх зам сувагт тавих хяналт сул, терроризмын суурь нөхцөл үүсэн бүрэлдэх эрсдэлтэй, терроризмтой тэмцэх байгууллагуудын чадавх сул зэргийг товчхон дурдаж болох аж. Эрсдлийг бууруулах чиглэлээр тус зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр буй юм байна.

Хуульд заасны дагуу тагнуулын байгууллага нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд тэргүүлэх чиг үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч энэхүү тэмцэл нь дан ганц нэг байгууллагын оролцоонд тулгуурлаж байсан түүхгүй ажээ. Терроризмын аюул занал, түүний эрсдлийг бууруулах, түүнтэй амжилттай тэмцэхийн үндэс нь хамтын хүчин чармайлт байсаар ирсэн. Тийм учраас терроризмтой тэмцэх үйл ажиллагаа нь иргэн, олон нийтийн байгууллага, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг туслалцаанд тулгуурладгийг НҮБ болон олон улсын бусад байгууллагаас ч гишүүн улс орнуудад зөвлөмж болгосоор буй юм байна.

Дэлхийд террорист байгууллагын гадаад террорист дайчдын шилжилт хөдөлгөөн тулгамдсан асуудал болж, Ирак, Сирийн бүс нутгаас шахагдаж, гуравдагч орон руу нэвтрэхийг санаархаж байгаа аж. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж террорист этгээдүүд шилжин суурьших хамгийн таатай бүс нутагт Төв Ази орж буй юм байна.

Шашин болон зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, газар зүйн байршил зэрэг нь Төв Азид террорист этгээд шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн тэд үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчилж, тухайлбал, цахим орчинд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, жижиг бүлэг, бүлэглэлүүд өөрсдийн санхүүжилтийн эх үүсвэрээ бие даан шийдвэрлэх болсон байна. Түүнчлэн халдлага үйлдэхдээ шинэ технологи, хими, биологи, цөм, цацраг идэвхт бодис, хэрэгсэл ашиглахыг эрмэлзэх болжээ.

Монгол Улсад террорист гэмт хэрэг, халдлага үйлдэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн дадлага сургуулийг 2018 оноос хойш “Хаан Шонхор” нэрийн дор зохион байгуулах болсон. Энэ хугацаанд сөрөг тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллагын 1800 гаруй албан хаагчийн томоохон дадлага сургуулийг амжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлтэй хамтран сөрөг тусгай ажиллагааны бүсийн дадлага, сургуулийг жил бүр зохион байгуулж буй юм байна.

Монгол Улс нь терроризмтой тэмцэх олон улсын 19 гэрээ хэлэлцээрээс 13-т нь нэгдэн орсон бөгөөд цаашид үлдсэн 6 гэрээ хэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2010 онд БНТУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Улмаар 2015 онд ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүсийн бүтэц байгууллагатай “Терроризм, экстремизмтэй тэмцэхэд хамтран ажиллах, мэдээлэл солилцох” протокол байгуулсан.

Өнгөрсөн онд БНКаз Улс, БНКиргиз Улс, ОХУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулан хамтран ажиллаж буй юм байна. Тус зөвлөлөөс НҮБ, ЕАБХАБ, ШХАБ-ын ижил чиг үүргийн байгууллага болон гадаад улсын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай чадавхи бэхжүүлэх, мэдээлэл солилцоо, сургалт дадлага, хурал зөвлөгөөн болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр олон чухал үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал, 2019 онд НҮБ, ЕАБХАБ-тай хамтран “Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн өндөр түвшний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус хуралд төлөөлөгчдийн зүгээс оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн дуу хоолой, дэмжлэг туслалцаа энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал гэдгийг тунхагласан билээ.

ФАТФ-Д МОНГОЛ УЛСЫН ЭЭЛЖИТ ТАЙЛАНГ ХАМГААЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА ХИЙЖЭЭ

Өнгөрсөн Баасан гариг (2020.05.15)-т Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулав.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар Тагнуулын байгууллага нь терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Терроризмтой тэмцэх зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Гэрэл тэргүүлж бүрэлдэхүүнд нь 19 байгууллагын удирдлага, мэргэшсэн албан хаагчид ажиллаж байна.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаан улирал тутамд тасралтгүй хуралдаж тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг гишүүдэд тайлагнаж, цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг ажээ.

Зөвлөлийн хуралдааны шийдвэр батлагдсан даруйд шууд хэрэгждэг бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар зөвлөлийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээдэг байна.

Энэ удаагийн хуралд Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ГИХГ, ГЕГ, УБЕГ, ХХМТГ, МХЕГ, ТатЕГ-ын удирдлагууд болон эдгээр байгууллагуудын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнууд оролцжээ.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар нийт 3 асуудлаар таницуулга хийж, 4 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна. Тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “Террорист байгууллагын санхүүжилт, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал”, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-д Монгол Улсын ээлжит тайланг хамгаалсан дүнгийн тухай асуудлаар тус тус мэдээлэл, танилцуулга хийв.

Мөн тэсэрч дэлбэрэх, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон устгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх тухай, Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжих тухай, хими, биологи, цөм болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудал, түүнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх тухай болон Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцүүлж дэмжээд хуралдааны тогтоолд тусгаж ЗГХЭГ, ҮАБЗ-д танилцуулахаар тогтсон байна.

Хэдийгээр манай улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын аюул заналын эрсдэл харьцангуй бага боловч ирээдүйд манай улсад учирч болзошгүй шашны гаж буруу урсгал, түүний нөлөөлөл, радикалист, экстремист үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон терроризм, түүний суурь нөхцөл манай улсад нутагших эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байгаа аж.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж буй юм.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудын энэхүү зохион байгуулалтын тогтолцоо нь болзошгүй эрсдэлээс улс орон, хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Exit mobile version