Дэлхий
Хонконг: Засгийн газрын эсрэг жагсагчид “хатуу шийтгэл” оноолоо
Хонконгийн шүүх өнгөрсөн Баасан гариг (2020.05.15)-т, Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон радикал үзэлтэн залууд дөрвөн жилийн хорих ял оноосон мэдээллийг RTHK радио станц уламжилжээ.
Далайн эрэг дээр аврагчаар ажиллаж байсан, өдгөө 22 настай залуу өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр Хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цагдаа нартай мөргөлдсөн үймээн самуунд оролцсон нь тогтоогдсон байна.
Энэ нь Хонконгод хүрээгээ тэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон этгээдэд оноосон хамгийн хатуу шийтгэл болсон бөгөөд “нийтийг хамарсан үймээн самуун”-д оролцсон гэсэн үндэслэлээр ялласан анхны тохиолдол болжээ. Мөн энэ нь хууль бус цугларалтад оролцсон гэхээс илүү орон нутгийн хууль тогтоожийг зөрчсөн илүү ноцтой хэрэг бөгөөд 10 хүртэл жилийн ялтай юм байна.
Сүүлийн өдрүүдэд Хонконгод халдварын тархалт буурч буй бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих хандлагатай байгаа ажээ.
Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын дундуур “Kyodo” агентлаг “Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 201 хүнийг баривчилсан” гэж Хонконгийн цагдаагийн газраас мэдээлснийг уламжилсан.
Хонконгийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд, тэдгээр баривчлагдсан хүмүүсийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан гэж үзсэн билээ.
Хонконгийн Засгийн газар жагсаалд оролцогчдыг “Иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан” хэмээн хурцаар шүүмжилж байв.
Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, нэгэн жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан байжээ. Цагдаагийн төлөөлөгч “Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан” гэж мэдэгдэж байв.
Хонконгод өрнөсөн жагсаалын үеэр дэлгүүрүүд болон метроны буудлуудыг сүйтгэсэн хэрэг олон гарсан талаар тухайн үед орон нутгийн болон гадны хэвлэлүүд онцолж байв. Жагсагчид Хонконг дахь хүний эрхийг хүндэтгэх хууль батлахыг АНУ-ын хууль тогтоогчдод уриалж байсан билээ.