Дэлхий

Африк тивийн өмнөөс АНУ-ын ерөнхийлөгчид “хайр зарласан” тэрбумтан уучлал гуйжээ

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр Өмнөд Африкийн бизнесмэн, тэрбумтан АНУ-ын ерөнхйлөгчид хандаж “Африк тив танд хайртай” гэж хэлсэн юм.

Тэрбумтан Патрис Моцепегийн ингэж хэлснийг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн хугацаанд Африкийн орнуудын сошиал ертөнцөд хүчтэй тарж, олон хүнээс шүүмжлэл сонссон байна.

Моцепе “Африк тив Америкт хайртай. Африк тив танд хайртай. Энэ бол маш чухал хэлхээ холбоо. Бид Америкт, бас танд сайн сайхныг хүсдэг. Америкийн амжилт бол дэлхийн бусад улс орнуудын амжилт юм” гэж хэлж байжээ.

Хариуд нь Дональд Трамп “Та маш сайхан хэллээ. Баярлалаа” гэж хэлсэн байна.

Моцепегийн хэлсэн үг Өмнөд Африкийн зарим эрх баригчдыг эгдүүцүүлжээ. Тухайлбал сангийн сайд Тито Мбовени тэрбумтны үзэл бодол засгийн газрынх нь байр суурьтай хамаагүй болохыг мэдэгдсэн байна.

Өмнөд Африкийн нэртэй улс төрч Сихле Зикалала АНУ-ын ерөнхийлөгчийг өөрийнх нь Африкийн Үндэсний Конгресс намын найз нөхөр биш, улс орон нь Дональд Трампын засаг захиргаанаас ямар ч ашиг тус хүртэхгүй байгааг мэдэгджээ.

Дональд Трамп нь Африк тивийн талаар таагүй үг хэлж, олон нийтийг бухимдуулж байсан түүхтэй. Тэрээр цагаачлалын хатуу бодлого боловсруулах талаар ярихдаа Африкийн орнуудыг “shithole countries” (жорлон шиг бохир заваан улсууд) хэмээн хочилж байсан удаатай.

Патрис Моцепе өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Би бусдын ялгаатай үзэл бодлыг хүндэтгэх ёстой хүн тул хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж байна. Би өөрөөсө бусад хэний ч өмнөөс үг хэлэх эрхгүй хүн гэдгээ ойлгож байна” гэжээ.

Тэрээр Америкийн улс төрчид, бизнесмэнүүдийн анхаарлыг Өмнөд Африкт хандуулахын тулд ийм үг хэлснээ тайлбарласан байна.

Патрис Моцепе нь Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Африк тивээс бүртгэгдсэн анхны хар арьстан гэгддэг. Тэр бас Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамапозагийн хүргэн юм.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version