Нийгэм

Сөрөгт биш эерэгт фокуслаж байгаад баярлалаа

Нийтэлсэн

Өчигдөр уржигдархан хэсэг залуусын төлөөлөл “Битгий давар” гэх үг барьж гудамж талбайд зогслоо. Тэдний үйлдэл цэвэр улс төрийн ашиг сонирхолтой байв. Учир нь гартаа барьсан самбартаа “ЖДҮ”, “Авлига”, “Хулгай”, “Хуйвалдаан”  гэсэн илт улс төрийн хүчин рүү чиглэсэн үгс бичиж гудамж талбайгаар алхав. Яваандаа ямаа чарлуулан, гудамжаар нэг үймээн самуун дэгдээж, хүүхэд хөгшдийн амгалан тайван байдлыг алдагдуулав. Өөрсдийнх нь санаагаар бол сөргөөр ч гэсэн нийгэмд шуугиан дэгдээж, анхаарал татах санаатай байсан бололтой.

Жагсагчид 18-20 насны залуучууд байсан гэж цахим сайтад бичжээ. Тэд лав энэ үгийг өөрсдөө бодож олоогүй нь лавтай.  Монголчуудын хэлдгээр “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” тийм их эрч хүч, хүсэл мөрөөдөл оргилж явдаг залуучууд үзэл бодлоо “худалдах” хэмжээнд доройтлоо гэж үү. Сошиалд энэ жагсаалын талаар иргэдийн сэтгэгдлээс харахад тэд аль хэдийнэ хэрсүүжжээ. Энэ нь нөгөө талаараа олон нийт сөрөг мэдээлэлд фокуслаж, энергиэ алдахыг хүсэхгүй болсон сайн талыг тодхон илтгэж байна.

Сошиалынхан “Битгий давар”-ыг тоож стресстсэнгүй. Бүр эсрэгээрээ урлаг соёлын одууд, иргэдийн төлөөлөл эгзэгтэй цаг үед галын фронтод ажиллаж байгаа эмч нартаа, Засгийн газрын эзнээ олсон шийдвэрүүд, “Лантуун дохио”-ТТБ-ын сайн үйлсийн аянд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Нийгэмд сөргөөсөө илүүтэй сайн сайханд анхаарал төвлүүлэх хандлага бий болжээ.  Баярлалаа гэдэг үгний ид шид их. Сэтгэл судлаач доктор Лаура Трисегийн онолоор хүн бүр бусдаас талархлын үгийг хүлээж байдаг гэнэ. Энэ үгийг хэлснээр урам зориг авч, ажлын бүтээмж нэмэгддэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нийгэмдээ нэг ч гэсэн лаа асаахын тулд сөрөг мэдээлэлд биш эерэгт, алхам тутамдаа хайртай дотнынхондоо, хамт олондоо талархлаа илэрхийлж байя. Баярлалаа гэх богинохон атлаа хүчтэй үгээр сошиал ертөнцийг давлагаалуулъя.

С.Өрлөг

 

Эх сурвалж : http://www.zuv.mn/nhp

Exit mobile version