Улс төр

Ж.Эрхэмбаатар: Бие даагч статусаар парламентад орно гэдэг бол ардчилсан оронд байх ёстой эрүүл сонголтын нэг хэлбэр

Нийтэлсэн

Хуульч Ж.Эрхэмбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан л бид сонгуулиа хэрхэн явуулах тухайд хэлэлцэж байсан. Гэтэл сонгууль сар гаруйн дараа болох гэж байна. Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын 29 дүгээр тойрогт бие даан өрсөлдөх гэж байгаад таньд амжилт хүсье.

-Баярлалаа. Хан-Уул дүүрэг буюу 29 дүгээр тойрогт өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлачихсан. Одоогийн байдлаар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бие даагч 801 ба түүнээс дээш тооны иргэд сонсогчдын зөвшөөрөл буюу гарын үсгийг цуглуулах үүргээ биелүүлж явна.

-Та хуульч хүн. Дээр нь УИХ-ын 2020 оны сонгуульд горилогч. Хамгийн анхаарал татаж байгаа нэг асуултаас хоёул яриагаа эхлэе. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор энэ удаагийн парламент Монголын нийгэм, улс төрд шинэчлэлт авчирч чадах болов уу. Нөхцөл байдлыг та хэрхэн урьдчилан харж байна вэ?

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэд хэдэн эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлт байна. Энэ нь миний бодол гэсэн үг биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар заалт туссан бэ гэдэг дээр тулгуурлаж ярих нь зөв юм. Энэ хуулиар одоо байгуулагдах УИХ өмнөхөөсөө газар тэнгэр шиг ялгаатай байх болно.

Нэгдүгээрт, УИХ-ын төсөв мөнгөний эрх мэдэл танагдсан. Хоёрдугаарт, Засгийн газарт нөлөөлдөг томилгооны эрх мэдэлгүй болсон. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүх томилгоог хийнэ. Гуравдугаарт, одоо гишүүд дур зоргоороо хүссэн хуулиа барьж гүйгээд байна. Ингэхгүй болно. Шүүсийг нь шахна гэдэг шиг цэвэр парламентын утга руу нь оруулчихсан. Хуулийн төсөл боловсруулдаг, баталдаг үндсэн эрх мэдэл, чиг үүргээ л хэрэгжүүлнэ. Бүх шийдвэрийг парламент гаргаад, бүх мөнгийг мэдээд, эрх мэдэл томилгоог хийгээд байхаар бүгд тийшээ зүтгэх нь аргагүй биз дээ. 2020 оны сонгуулиар бүрдэх УИХ, УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь бодлого тодорхойлдог, судалгаа, мэдээлэл дээр суудаг, боловсруулдаг, хууль “нухдаг” ийм л ажил хийнэ. Зарим нөхдийн хүсч мөрөөдөөд байгаа шиг мөнгө эргэлддэг, ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийдэггүй болсон.

-Манай иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг зүйл бол Монголын нийгэм эрүүлжээсэй, хууль шүүх нь ажлаа шударгаар явуулдаг болоосой, иргэд нь хангалуун эх орондоо дутаж гачихгүй амьдраасай гэсэн хэдхэн зүйлийг хүсдэг шиг санагддаг. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүнийг хууль баталдаг гэхээсээ аж ахуйн ажил хийдэг мэтээр ойлгож ирсэн өнгөрсөн 30 жилийн ойлголтоосоо салж чадаагүй л байна. Хэн гарснаас үл хамаарч шинэ парламентын гишүүд илүү эрүүл хандлагатай, чигч, хуулийн хүрээнд ажиллах шаардлагатай болох нь. Тухайлбал, та парламентын гишүүн боллоо гэвэл юу хийх вэ. Таны чадах зүйл юу вэ?

-Хэрвээ би улс төрд орлоо гэхэд улс төр хийж дэмий гүйх бус хуульчаараа өөрийнхөө мэддэг чиглэлд бодлогоо уралдуулахад л хангалттай. Би энэ санаагаа урьд өмнө өгч байсан ярилцлагууддаа ч дурдаж байсан. УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох төрийн эрх мэдлийг нийт иргэдийн эрх ашигт нийцүүлж хэрэгжүүлэх явдал.

Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн юм бол хорооны Засаг дарга, ТҮК-ийн даргын ажилтай хутгалдаад, өмнүүр нь орж хийгээд байдаг байж болохгүй. Баталж буй хууль бүрийн үр дагавар нь хана туурга босгох, худаг цооног өрөмдөхөөс илүү ач холбогдолтойг иргэдэд ойлгуулахаас ажлаа эхэлнэ. Бид бүгд л шударга ёсыг хаа нэгтээгээс хайж байна. Угтаа шударга ёс нь хуульдаа шингэсэн. Тэр хууль нь амьдралд хэлбэрлэлтгүй биелдэг л байх ёстой. Гэтэл хуулиас тэр шударга ёсыг хайгаад олохгүй бол яах вэ? Шударга, зарчимч төрийн албан хаагчид шударга ажиллая гэж хүсээд ч хууль тэднийг хэн нэгэнд үйлчлэх, тушаал зааврыг нь дагахаас аргагүй зам руу түлхэж байвал яах вэ?

-Хууль, эрх зүйн салбар бол аль улс орны хувьд чухал. Та өөрийн салбараасаа хараагаа салгахгүй ажиллана гээд хэлчих шиг боллоо. Шүүх засаглалыг шинэчилнэ, шинэчилж байна гэж бид сүүлийн хэдэн жил их ярилаа. Хүсэн хүлээсэн түвшинд хүрсэн гэхэд хэцүү. Шүүх яавал бидний хүссэнчлэн шударга шийдвэр гаргадаг, шударга ёсыг тунхагладаг болох вэ? 

-Шүүхийн бие даасан хараат бус байдлын баталгаа нь иргэн бүрт хамаатай, шударга ёс тогтох үндэс суурь юм. Үүнийг хууль бус үйлдлээ хаацайлж, хариуцлагаас бултах гэсэн улс төрчдөөр шүүлгэх бус улс орны язгуур эрх ашигт нийцүүлж, мэргэжлийн байр сууринаас хандах хэрэгтэй. Гэхдээ бид хаа хаанаа нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Шүүх шударга ёсыг тогтоодоггүй. Шүүх хууль ёсыг тогтоодог. Тэгэхээр хуулинд тэр шударга ёс шингэсэн үү гэсэн асуудал яригдана. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаагаар авлига, албан тушаалын маш олон хэргийг шүүх хэрэгсэхгүй болгочихлоо. Шүүх шударга бус байна, шүүгч худалдагдлаа гээд шуугиад байна. Хууль ямар байна, шүүх тэгж л ажиллана. Өөрөөр хэлбэл, шүүгч хуулиа л мөрдөж байгаа хэрэг.

-Тэгвэл бүх асуудлын эх ундарга нь сайн хууль гэж ойлголоо. Зөв үү?

-Яг тийм.

-Тийм болохоор л та УИХ-д оръё. Эхээс нь цэвэрлэе гэж зорьсон хүн юм аа даа?

-Тэгж ойлгож болно. Би арван таван жил хууль хэрэглэлээ. Олон тохиолдолд хуулиас үнэн зөв, шударга ёсны хариу олохгүй байна. Иргэд бидний өдөр тутмын амьдралд байнгын хэрэглэгддэг Үндсэн хуулиас ч дутахгүй ач холбогдолтой Иргэний хуульд дорвитой өөрчлөлт, хөгжүүлэлт хийгдэлгүй 18 жил таг зогслоо. Гэтэл энэ хооронд төрд эрх мэдэл олгох, бэхжүүлэх, төсвийн мөнгийг зарлагадах тендер, концесс, төрийн өмчийг хувьчлалаар авах хэдэн янзын хууль шинээр мэндэлж хөгжив дөө. Энэ жишээнээс төрийн бодлого хаана төвлөрч байгааг харж болно.

-Хууль, эдийн засаг хоёр нэг зоосны хоёр тал. Эдийн засаг тал дээр та өөрийгөө чамгүй боловсруулж амжсан юм байна лээ. Энэ салбарт барьж ажиллах таны талбар юу вэ?

-Сүүлийн үед гэр бүл, найз нөхдүүд намайг сав л хийвэл хууль яриад байна, амьдрал ярихгүй байна гэж шүүмжлээд байгаа. Бидний амьдрал чинь тэр хуулианд байгаа юм. Өдөр тутмын бүхий л амьдрал 700 гаруй хуулийн хүрээнд эргэлддэг, зохицуулагддаг учир тэр хуулийг нь ярих л ёстой болоод байна. Шударга бус зүйл амьдралд байгаа бол хуульд шударга ёс нь алга, шударга ажиллах боломж алга л гэсэн үг. Мөн л эдийн засаг, бизнес, ажлын байр, хөгжил нь хуулиар дэмжигдэж, хамгаалагдаж, хөтлөгддөг.

Тухайлбал, бид төр, улс төрийн тухай л 30 жил ярилаа. Гэтэл бизнесийн орчны хууль эрх зүйн орчин, өрсөлдөөний шударга байдал, ёс зүйн талаар дорвитой ярьж, хөгжүүлж чадсангүй. Манай зах зээл зэрлэгшээд том бизнес нь жижгээ чирч явах биш залгидаг болчихсон байна. Үнэндээ жижиг, дунд бизнес хөгжихгүй байгаа нь төрийн бодлого, дэмжлэг гэхээс илүү шударга бус өрсөлдөөн, үнийн бодлого, зээлдүүлэгч, түрээслүүлэгчийн бизнес дэх хэт давуу тал, дээрэнгүй гэрээний нөхцөл нөлөөлж байгаа. Зээл авахад гэрээний заалт бүр зээлдүүлэгчид л ашигтай. Лангуу түрээслэхэд түрээслүүлэгч хүссэн үедээ гэрээгээ цуцалж, хөөж гаргах зохицуулалттай байгаагаас түрээслэгчийн эрхийг хамгаалах заалт байхгүй. Ийм тэнцвэргүй харилцаанд төр оролцдог. Тэнцвэрийг хангах, хамгаалах, дэмжих боломжийг төр олгох ёстой. Энэ үүргээ огт биелүүлж ирсэнгүй. Шударга бус өрсөлдөөн гэдэг хамгийн хортой. Бизнес эрхлэгчдэд хэт өндөр үнэ, хатуу нөхцөл, хувилдаан, зохиомол үнэ хамгийн том чөдөр тушаа болж байна. Үүнийг шийдэх л ёстой.

Хүмүүс боддог байх. Хууль гэхээр амьдралаас хол, тасарчихсан, хэдхэн хүн мэддэг, тэдэнд л тэр нь хэрэг болж байдаг мэтээр төсөөлдөг шиг байгаа юм. Үгүй юм. Хууль хүн бүрийн амьдралд алхам тутамд нь хэрэг болж байдаг.

-ЖДҮХС-гийн асуудлыг хэвлэлүүд гаргаж тавьснаараа нийгмийг сүрхий донсолгосон. Та үүнийг шийдэхээр шүүхэд хандаж хэрэг хүртэл үүсгэж шалгуулж байсан. Одоо хүртэл хэн нэгэн этгээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээгээгүйд таны эгдүүцэл төрдөг үү?

-Энэ асуудал нь өөрөө эгдүүцэж, зэвүүцээд байх субьектив асуудал биш юм. Энэ нэг төрлийн хэрэг. Хууль зөрчсөн үйлдэл. Бид МАНАН, ЖДҮ-чин, 60 тэрбумчин, 49, 51 гээд баахан талцлаа. Улс төрийн зорилгоор хангалттай ашиглалаа. Хэн хожив? Ямар үр дүн гарав. Бидний амьдралд яаж эерэгээр нөлөөлөв? Надад бол хэдэн дарга нар л буйр сэлгэж сууснаас өөр үр дүн харагдахгүй байна. Миний бодлоор гэмт хэрэгтэн, биш гэж хоёр л хуваамаар санагддаг. Сүржигнэсэн улс төржилтөд хэнд ч хэрэггүй. Тэр тусмаа иргэдэд. Хууль зөрчсөн бол түүнийг тогтоо. Тэгээд шийтгэ. Шийтгэж чадахгүй бол шалтгаан нь хаана байгааг ол. Олоод өөрчил.

Одоо болтол хэн нэгэн этгээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээгээгүй. Хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг нь УИХ-аас 2017 оны 5 дугаар сарын 11-нд хүчингүй болгосон. Эрүүгийн хуулийн 22.2 гэдэг заалт байсан юм. Ердөө нэгхэн хуулийн заалтаар хэрхэн хариуцлагаас мултарч болдгийг эндээс харж болохоор байгаа юм. Гэтэл энэ заалтыг мөн л одоог болтол сэргээсэнгүй. Хариуцлага хүлээлгэ гэж улс төржиж гүйх ч үнэндээ гар доор нь байгаа хууль тогтоох эрх мэдэл байсаар байтал хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бий болгох ажлыг хийсэнгүй шүү дээ.

-ЖДҮ-тэй холбогдсон алхам хэзээнээс эхлэлтэй гэсэн үг вэ?

-2012 онд би Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай гэрээ байгуулаад яг ийм өр авлага барагдуулах ажил дээр ажиллаж байсан. Тэр үед бид бичгээр болон амаар хэд хэдэн зөвлөгөө өгч байсан. Нэгдүгээрт сонирхлын зөрчилтэй харилцаа, гэрээ их байна. Хоёрдугаарт гэрээ, бичиг баримт зэрэг нотлох баримт устаж үрэгдээд  байна. Гуравдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол хөөн хэлэлцэх хугацаа дуусч, зээл эргэн төлөгдөхөөргүй нөхцөл үүсэх нь. Нийтийн албан тушаалтны зүгээс янз бүрийн дарамт нөлөөлөл ороод байна шүү хэмээн зөвлөж байсан.

2012 ондоо бид энэ асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлч нарт үзүүлж танилцуулж байсан. Тухайн үедээ олны анхааралд оруулж чадаагүй. Азаар ЖДҮХС-гаас дахин зээл олгогдож, улс төрийн өрсөлдөгч нь түүнийг нь барьж авч асуудлыг томруулснаар олны анхааралд орж чадсан.

-ЖДҮ гээд нэг том шуум нийгэмд яваад байдаг. Нэг сайд огцорсноос өөрөөр хариуцлага хүлээх эзэн олдсонгүй дээ. 

-Хариуцлага хүлээх механизмыг төгөлдөржүүлэхгүй бол цаашид ч энэ мэт асуудал гарсаар л байна. ЖДҮ-г зүгээр л хөөсрүүлээд, улстөржүүлчихлээ. ЖДҮ-гээс бид бодитой сургамж авч, шийдвэр гаргах хэрэгтэй байсан болохоос биш нэг улстөрч нөгөөгөө “зодох” хэрэгсэл болгох ёсгүй байсан.

-ЖДҮ-гээс сургамж авах ёстой гэлээ. Улстөрчид улсын мөнгөөр тоглодог гэдгийг нийтэд ил тод, баримттайгаар дэлгэсэн нь том дэвшил. Нөгөө талдаа иргэд улсын төсөвт тавих хяналт сул байгаа нь харагдлаа. Тэгэхээр иргэн хүн хянагч байх үүргээ хэрхэн биелүүлэх вэ. Ийм бололцоо бий юу?

-Нийтийн мөнгийг зарцуулахдаа ил тод бус, албан тушаалтаны таашаал, дур зоргод үндэслэн ямар ч хуулийн хариуцлага хүлээдэггүй 30 жил явж ирлээ. Нийтийн албанд орохоор мөнгөтэй болдог гэдэг ойлголтоос салах цаг нь болсон. Энэ ойлголт иргэд сонгогчдын дунд түгээмэл байгаа нь төрд байгаа нийтийн албан тушаалтнуудын хууль зөрчих хандлагыг өөгшүүлж байгаа хэрэг.

-Сүүлийн өдрүүдэд бие даагчид иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Энэ ажил тань хэр урагштай байна вэ. Энэ ажилд өөрөө оролцож яваа харагдсан?

-Гарын үсэг цуглуулах аян энэ сарын 10-наас эхэлсэн. Одоогоор 4000 орчим иргэн маягт дээр гарын үсэг зураад байна.

-Хүмүүс залуу үеийг хэр дэмжиж байна вэ. Танд юу мэдрэгдэв?

-Хүмүүс их дэмжиж байна. Хуулиараа 801 ба түүнээс дээш тооны иргэний гарын үсгийг цуглуулах ёстой. Гэтэл эхний өдрөө л 1200 хүний гарын үсгийг авч чадсан. Тойргийн иргэд маань олноор ирж уулзаж, амжилт хүссэн. Таньдаг таньдаггүй, нас насны хүмүүс ирж уулзлаа. Нэг бодлын сэтгэл хөдөлж, нөгөө бодлын өндөр үүрэг хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрч байна. Энэ удаагийн сонгуульд иргэд их найдлага тавьж байгаа нь илт мэдрэгдэж байна. Зарим иргэд улс төрөөс залхсан зүйл ч ажиглагдлаа. Хэн ч гарсан ялгаагүй. Юу ч өөрчлөгдсөнгүй гэсэн цөхөрсөн иргэдтэй ч таарч байна.

-Сүүлийн асуулт. Ялагдана гэж уралдаан тэмцээнд ордог тамирчин гэж үгүй байх. Сонгогдох магадлал хэр бол. Таны сонгосон тойрог хэдийгээр гурван мандаттай ч хүчтэй өрсөлдөгчид үзэх нь шиг байна. Тэгээд дээр нь та бие даагч. Ард урдаа хамгаалж өмгөөлөх барьцгүйгээр галын шугам руу орох нь. Юу бодогдож байна вэ?

-Сонгуульд өрсөлдөнө гэсэн цагаас эхлэн найз нөхөд ч, сэтгүүлчид ч “Яагаад бие даасан юм. Намаас дэвшихгүй яасан юм. Бие даагч болоод юу хийж чадах юм” гэхчлэн олон асуулт асууж байгаа. Би ч тодорхой хариулт өгсөөр ирсэн. Мэдээж намаас нэр дэвших тухайд бодоогүй биш бодсон. Зарим нэг нам дээр өөрөө очиж уулзаж ч үзсэн. Монголын өнөөгийн амьдрал, нөхцөлд зүүн төвийн үзэл тохиромжтойг судлаачид ч хэлж байна. Хэт лебирал үзэл санаа тохиромжгүй, тийм байх хөрс байхгүй. Энэ үзэл баримтлал, хандлагаар намуудад хандсан. Гэвч үзэл санаагаараа нэгдсэн нэгдэл, нам байхгүй нь илэрхий харагдаж байна. Тэдгээр намд орно гэдэг нь намын удирдлагыг авсан хэсэг нөхөдтэй “их ойр” байх ёстой аж. Тэгж гэмээ дэмжигдэх. Үгүй бол тийшээ зүглэлтгүй. Бид нийтлэгээр нэрлэж заншснаар “цүнх барих” ёстой гэнэ.

УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Одоо бид намын төлөөллийн байгууллагыг харж байна. Төрийн шийдвэр нам дээр гардаг. Төр түүнийг нь дагадаг болж. Уг нь энэ нийгмийг 1990 халах санаатай байсан биз дээ. Тиймээс иргэнээрээ сонгуульд оролцоод иргэдийн дэмжлэгийг авч чадвал нэг иргэн тэдний дуу хоолой болоод сууж л байх ёстой гэж үзсэн. Бие даагчид юу ч хийж чаддаггүй гэсэн. Судлаад үзэхээр бие даагчийн санаачилсан тийм бодлогыг олонхийн бүлэг тэгж унагаав гэсэн баримт олдсонгүй. “С.Жавхлан гишүүнийг хар” гэж байна. С.Жавхлан гишүүн 2016 онд сонгогдоод 2019 оны сүүлд анхныхаа хуулийн төслийг өргөн барьсан баримт байна. Хувь хүнээсээ болж байгаагаас намаас дэвшсэн байна уу, бие дааж дэвшиж сонгогдсон байна уу, яг л ижилхэн УИХ-ын гишүүний эрх мэдэл эдэлж байгаа шүү дээ.

Exit mobile version