Дэлхий
Япон улс гадаад бодлогын баримт бичигтээ Курилын арлуудыг өөрийн газар нутгаар дахин зарлав
Өнөөдөр Япон улсын засгийн газраас гаргасан жил тутмын дипломат бодлогын Хөх номонд Оросын захиргаанд байгаа дөрвөн арлыг өөрийн газар нутгаар дахин зарлажээ.
Оросын тал Курилын арлууд, Японд Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаан нь дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад 75 жилийн турш саад болсоор өнөөдрийг хүрсэн юм.
1945 онд дайны сүүлийн өдрүүдэд Зөвлөлтийн Улаан арми эдгээр дөрвөн арлыг Япон улсаас булаан эзэлсэн гэдэг.
2018 оны Хөх номонд Курилын арлуудыг Япон улсын газар нутаг гэж зарлаж байв. Харин 2019 оны баримт бичигт маргаантай арлуудын талаар дурдалгүй өнгөрсөн юм.
Тухайн онд Японы ерөнхий сайд Шинзо Абэ арлуудын маргаанаа төгсгөл болгохоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж байсан тул ийм хатуу байр суурь илэрхийлээгүй өнгөрсөн байна.
Дөрвөн арлын хоёр нь болох Шикотан, Хабомай арлуудыг 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан санамж бичгийн хүрээнд буцааж авах талаар хэлэлцэж байсан юм.
Гэвч энэ хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул Токиогийн эрх баригчид ийнхүү дөрвөн арлыг өөрийн газар нутагт тооцдогоо дахин илэрхийлжээ.
Энэ жилийн Хөх номонд бас Өмнөд Солонгостой үүсээд байгаа олон маргаан зөрчлийг жагсаасны дотор газар нутгийн өөр нэг маргааныг дурдсан байна.
Энэ бол Өмнөд Солонгосын тал Докдо арал гэдэг, Японы тал Такешима арал гэдэг далай дундах хос хадан цохионы эзэмшлийн маргаан юм.
Уг арлыг Өмнөд Солонгос улс 1954 оноос хойш өөрийн захиргаанд байлгаж байгаа. Өнөөдрийн бичиг баримтдад Такешима арлыг Өмнөд Солонгос улс хууль бусаар эзлэн авсныг дурдаад арлыг Япон улсын газар нутгийн нэг хэсэг гэж зарлажээ. 2020 оны Хөх ном нийтлэгдсэний дараа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам өнөөдөр Сөүл хотод суугаа Япон улсын элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна.
Эх сурвалж: Kyodo News