Эдийн засаг

Зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийг арилжааны банкуудаар олгож эхэллээ

Нийтэлсэн

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулж Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болжээ.

2020 оны 5 сараас 2020 оныг дуустал хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ.

Ингэхдээ Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлтийг шийдвэрлэхээр болсон байна.

Ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах шаардлагыг тавих аж.

Үүнд:

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл – хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгосон байна.

Монголбанк энэ сараас эхлэн ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хасбанк, Улаанбаатар хотын банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк, Ариг банк, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой болжээ.

Exit mobile version