Эдийн засаг
1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх нь тодорхойгүй байна
1,072 хувьцааны дансаа нээлгэсэн нэг сая 700 мянган иргэн байгаагаас дансаа баталгаажуулсан, бүртгэлийн асуудалгүй гэх сая орчим иргэний хувьцааны ногдол ашгийн мөнгийг “Эрдэнэс тавантолгой” ХХК эхний ээлжид Төрийн сангийн данс руу шилжүүлсэн байгаа билээ.
Тэгвэл ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх болон эхний ээлжид шилжүүлсэн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх боломжтой эсэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Стратеги, эрсдлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөрөөс тодруулсан юм.
Тэрбээр “Засгийн газраас иргэдийг ялгаварлахгүйгээр бүгдэд нь нэгэн зэрэг олгоно гэсэн бодлого барьж байгаа юм билээ. “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг Төрийн сан руу шилжүүлсэн гэсэн. Үлдсэнийг нь хэзээ шилжүүлэхийг мэдэхгүй.
Засгийн газраас хувьцаа эзэмшиж буй бүх иргэн, аж ахуйн нэгжийн хувьцаанд ногдох ногдол ашгийн мөнгө нь бүрэн гүйцэт Төрийн сан руу шилжсэний дараа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг нь тараана гэсэн шийдвэр, бодлоготой байгаа гэсэн. Хугацааны талаар бид тодорхой хэлж мэдэхгүй байна” гэв.