Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Халдвартай иргэн “Би Монголд ирээд халдвар авчихлаа” гэж худал мэдээлэл тараасан

Нийтэлсэн

ОХУ-д өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан, одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тарааж байна гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Гэвч нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон, ташаа мэдээлэл сошиалд тавьжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.

Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авсан байх магадлалтай гэж ДЭМБ ч мэдээлсэн.

Хамгийн сүүлд 8-нд PCR шинжилгээ өгтөл тухайн үед Ялалтын баяр гээд хариу авах хугацаа хойшилж 12-нд авчээ. Тэрээр энд ирсэн хойноо “Би Монгол улсад орж ирээд эсвэл орж ирэх явцдаа буюу Төв аймгийн сувилалд ирэхдээ халдвар авчихлаа” гэж хэвлэл мэдээлл, сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ.

Нэгдүгээрт, энд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай улсын халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа юм. Үүний ачаар ч бид өнөөг хүртэл ард иргэдээ хамгаалж байна гэж энэхүү мэргэжлийг ахалж байгаа хүний хувьд хэлнэ.

Хоёрдугаарт, тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тиймээс эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр юм. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авсан байх магадлалтай гэж ДЭМБ ч мэдээлсэн.

Гуравдугаарт, шинжилгээ өгснөөс хойш хариу гартал 5-6 хоног болсон. Энэ хугацаанд өвчтэй хүмүүстэй ойрхон байсан хүн халдвар авах эрсдэл өндөр юм.

Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Түүнийг оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсныг нь сайшаах ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна. Нэг буруу үг ард иргэдийг сандаргаж цочоох аюултай. Өнөөдөр бид ч гэлтгүй дэлхий дахинд цочирдолтой байхад иргэдээ тайван байлгах нь чухал юм. Нөгөөтэйгүүр манай улс өвчтэй хүн тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгай мэргэжилтнүүд ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа юм. Наашаа ирэх явцдаа ч бүгд амны хаалттай байсан” гэлээ.

Exit mobile version